О.Гончигсүрэн: Дундговь бол авьяас нь оргилсон ард түмэн, дуутай найрын хоймор, цуутай хурдны өлгий нутаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-10 17:21:47
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нутгийнхаа зон олны сэтгэл зүрхэнд оршсон шүлэг бичиж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн эрхэм хүнтэй ярилцлаа. Энэ бол Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ойдовын Гончигсүрэн юм. Тэрбээр нутаг ус, хээр тал, ээж, аав, амраг хайр, адуу малаа магтаж шүлэглэдэг онцлогтой яруу найрагч.


-Таныг яруу найрагч болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ, анхны шүлгээ хэзээ бичиж байв?


-Би Дэрэн сумын нутаг Тэгш-Бумбатын хонхор, "Бөтөөрийн ихэр"  хэмээх газар төрж өссөн. Багаасаа л урлаг, уран зохиол сонирхож, шүлэг яруу найраг их цээжилж уншдаг хүүхэд байлаа. Аав маань айлын найр, унага тамгалахад, наадамд ерөөл хэлж, морь цоллодог хүн байлаа. Мөн ардын аман зохиол, үлгэр туульсыг цээжээр маш уянгатай ярьж, уншиж өгдөг байсантай л холбоотой болов уу. Ээж минь ч гэсэн ойр зуурын юмыг сонин чаминаар хэлчихдэг, хэрэндээ хошин яриа хөөрөөтэй байсан нь ч нөлөөлсөн байж болох юм.


Сургуулийн жилүүд, цэргийн гурван жил, оюутны он жилүүдэд уран уншигч, хөтлөн өгүүлэгч хийдэг л байсан. Тэгээд сүүлд 25 настай байхдаа анхны шүлгээ бичиж байлаа. 1988 онд Улаанбаатарын Барилгын техникум”-д сурч байхдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд нэгэн тоглолт хөтөлж байгаад гарч ирсэн чинь яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэн тосож уулзаад чи хүмүүсийн шүлэг уншдаг хүн, өөрөө шүлэг зохиогоод уншвал яасан юм бэ?” гэлээ. “Хэрэв тэгье гэвэл манай дугуйланд явгэсэн юм. Тэдний дугуйлан МҮЭСТО-д хичээллэдэг байсан, тэнд нэг жил явж, долоо хоног бүр цугладаг болсноор миний шүлэг оролдох үе эхэлсэн дээ.


Тэнд магтуулж, сууж нэг жилийг үзээд, сургуулиа 1989 онд төгсөж, Дундговь аймагтаа ирснээс хойш одоо хүртэл шүлгийн харьяат болжээ.


-Танд яруу найргийн багш, зөвлөх гэж хүн байсан байх даа?


-Надад яруу найргийн багш гээд хадаг, жудаг барьсан хүн байхгүй ээ. Өөрийнхөө бор зүрхээр л явж байна.

Нэг их онол ном үзсэнгүй, зүгээр л сэтгэлдээ буусныг бичээд хүн сонирхвол уншчихаад явж байдаг нэгэн. Онгод гэдэг бол хүний сэтгэлийн хөдлөлийн мэдрэмж л юм уу даа.


-Яруу найргийн ном гаргасан байх, ямар уралдаан тэмцээнд орж байсан бэ?


-Яг яруу найргийн ном гэвэл нэг л байна. Одоо хоёр дахь номоо хэвлэлд бэлэн болгож байна. Өөр төрлийн ном эмхэтгэл гэвэл бас 6,7 болсон байх аа.


Улс аймаг, бүсийн уралдаанд ордог л байлаа. Сүүлийн үед цөөлсөн. Зүгээр л өөрийнхөө өмнөхийг хийгээд явж байх нь амар юм. МЗЭ-ийн 90 жилийн ойгоор гишүүн болсон. Гомбын Сэр-Одын шагнал хүртлээ.


Намайг 1989 онд сургууль төгсөөд Дундговьд ирэхэд Аймгийн утга зохиолын нэгдэл гэж байлаа. Тэр жилийн аймгийн "Болор цом" болдог өдөр намайг Миеэгомбо даргын өрөөнд дуудаж, Миеэгомбо гуай, Шонхор гуай бас хэд хэдэн хүн байсан, Утга зохиолын нэгдлийн гишүүн болгосон. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тус нэгдлийн гишүүнээр явж байна.


Тэр үед олон ахмадууд, залуучууд ч байсан. Гүн.Төмөр, С.Даваадорж, С.Дэжидбал, Ц.Төмөрбаатар, П.Төмөрбаатар, З.Нямцэрэн, Д.Будаев, Ц.Энэбиш, Ц.Цэдэндорж, Б.Жалбуу, Ж.Батхүү,  Цэсэм гэх мэт ахмадууд, дунд, залуу  үеийнхэн Ж.Тогтохбаяр, Д.Чүлтэмсүрэн, Ц.Уртнасан. Ч.Чулуунбаатар. Ж.Мөнхтөр, Г.Бадам. С.Отгонбаяр. Я.Жаргалсайхан, Б.Гэрэлмаа гээд сүүлд нь Н.Мөнхсаруул, Д.Байгальмаа, Ц.Отгонбаатар, Ө.Пүрэвсүрэн, О.Нандинцэцэг, Х.Энх-Амгалан гээд олон хүүхэд залуучууд нэмэгдэж байна. Одоо ахмад, дунд үеийнхэн бараг байхгүй болж дээ.


1988 оноос эхлэн Аймгийн шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" наадам явагдаж эхэлсэн юм билээ. Би 1989 оноос хойш уг наадамд оролцож, 5 удаа түрүүлсэн. 2000 оноос хойш алдаг оног явж байна.


-Таны уран бүтээл нутаг ус, ялангуяа Дундговь аймгаа, хээр тал, ээж, аав, амраг хайр, адуу малаа магтсан байдаг. Та уран бүтээлийнхээ талаар яриач. Таны бичсэн “Миний Дундговь” шүлгийг мэдэхгүй хүнгүй, гайхалтай бүтээл.  


-Тэгэхээр миний шүлгийн сэдэв гэвэл голдуу нутаг ус, хээр тал, аав ээж, амраг хайр, адуу мал л байх шив дээ. Энэ нь миний мэддэг сэдэв, надад арай ойр юм л даа. Мэдэхгүй юмны тухай мэдэмхийрвэл түүн шиг гутамшиг байхгүй.


2000 онд Төв халхын дуулалт жүжгийн театрын найруулагч Д.Доржсүрэн тоглолт хийх гэсэн юм, нутгийнхаа тухай нэг шүлэг бичээд өгөөч гэсэн хүсэлт тавьж, тэр орой нь зам зуураа бодож яваад, ирээд л “Миний Дундговь” шүлгээ бичсэн. Өөрийнхөө мэддэгийг л орж ирснээр нь бичсэн юм.


Манай аймаг бол урлаг соёлын авьяасын их өлгий шүү дээ. Захын уулзсан хүн нь найргаар ярьдаг, хараал хэлсэн ч ерөөл шиг хэлдэг, авьяас билиг, айраг дууны ай сав юм даа. Ийм нутагт төрсөндөө бахархаж, ижий аавдаа баярлаж явдаг шүү.


-Хүн бүр төрсөн нутгаараа бахархдаг. Гэхдээ бүгд түүнийгээ илэрхийлж чаддаггүй бол та өөрийнхөө шүлгээр илэрхийлж чаддаг. Энэ бахархлаа хуваалцах уу?


-Дундговиор бахархахгүй байхын аргагүй. Яагаад гэвэл энэ чинь бидний төрсөн нутаг. Сэгсгэр ч гэсэн ижий минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг дээ. Түүнээс гадна энэ амар амгалангийн уудам тал хээр, авьяас нь оргилсон ард түмэн, дуутай найрын алтан хоймор, цуутай хурдны өлгий шүү дээ.


Уртын дуу, морин хуур, айраг, адуу гэдэг чинь энэ монголын нэрийн хуудас, алтан гэрэгэ юм. Тэр бүхний охь манлай нь манай аймагт байна. Энэ нутгийн шороон дээр унаж, бороонд нь норж, наранд нь халж, нас буянаа эдэлсэн хүмүүн зоны дундаас алдартнууд төрсөөр байгааг өнгөрсөн түүх, өнөө, ирээдүйн эрхийн хэлхээ урсгалаас харж мэдэрч л байна. Энэ бол нутаг усны минь бахархал. Тиймдээ ч Дундговийн айраг гэж дуу алдаж, Дундговийн мах гэж хүрээ хотгүй шуугиж л байна. Энэ бол ус, ургамлын шим, хүн зоны сэтгэл, зүтгэлийн үр шүү дээ.


Зууны манлай, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад, Гавьяат жүжигчин Ж.Дорждагваас авахуулаад одоогийн залуусыг хүртэлх дуучдыг харахад, эсвэл Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхээс эхлээд эдүгээгийн залуу үеийг хүртэлх урлаг соёлын замыг харахад, тэр ч бүү хэл Хөдөлмөрийн баатрууд, аварга, сайчууд гээд ахуй нутгаа алдаршуулагчдаас эгэл бидэн хүртэл энэ л нутгийн нэр төрийг өргөж яваа гэж бодохоор бахархахгүй байхын аргагүй.


Эдгээр сайчууд чинь энэ л бидний амьдран суугаа аймгийн гал голомтоос гарсан шүү дээ. Түүнээс тэнгэрээс унаагүй. Нутгаа дуурсгах эгэлгүй сайхан бүхнийг төрүүлсэн газар шороондоо, эгэл даруухан ижий аавдаа, нутгийнхаа эд эс бүхэнд талархана аа.


-Таны олон бүтээл дуу болсон доо, тэр тухай тодруулна уу?


-Дуу бол нэлээд бий. Б.Эрдэнэбаяртай хориод дуу хийсэн. Д.Баттөмөр гуайтай арав гаруй, Г.Эрдэнэчулуунтай арваад, Б.Сайнтөмөртэй арав гаруй, Г.Түвшинтөртэй тав, зургаа, С.Дашнямтай бас тав зургаа, Б.Энхбаяр, Наранболд, Д.Энхмандах, Р.Даансүрэн гээд нийтдээ зуу гаруй дуу бий. Яг хэд нь уянгалж, ард түмний сонорт байнга хүрч байгааг сайн мэдэхгүй юм.


Мөн Д.Баяржаргалтай арав гаруй, О.Баяржаргалтай хийсэн 4, 5 дуу бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдантай, Цэргийн дуу бүжгийн чуулга, Төмөр замын чуулга, Өмнөговь, Говьсүмбэрийн уран бүтээлчидтэй хийсэн хэд хэдэн дуу бий.


Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, МҮЭ, Дэрэн сум, Монгол Такс Татварын Мэрэгшсэн Зөвлөх ХХК, Сайнцагаан сумын З, 2, 4, 5 дугаар сургууль 4, 5 дугаар цэцэрлэг, ЦУОШТ, МҮГ, “Мөнхдэлгэр” эмнэлэг зэрэг байгууллагын дууг хийсэн.


-Сүүлийн асуултыг танд үлдээе?


-Ер нь бусдад тоогдохын тулд биш өөрөө дуртай учраас өөртөө л бичиж байгаа юм. Ирээдүйд үлдэх үлдээхгүйн тухайд биш, сонирхлынхоо дагуу л бичдэг гэх үү. Мөнхийн юм гэж орчлонд үгүй гэдэг биз дээ. Миний шүлгийг уншиж, сонсож, хэр зэрэг удаан амьдрахыг цаг хугацаа л харуулна байх. Монгол Монголоороо байх, монгол ахуйдаа ойрхон явахыг илүүд үздэг. Энэ бол бидний давуу тал юм даа. 

МЗЭ-ийн 95 жилийн ой тохиож байна. Ойн баярын мэндийг нийт үзэг нэгт нөхдөдөө өргөн дэвшүүлье. Үг тань мэргэн, үзэг тань хурц байхын ерөөл дэвшүүлье.


-Ярилцсан танд баярлалаа, уран бүтээлийн их амжилт хүсье.

Холбоотой мэдээ