БАЯНХОНГОР: Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг үр дагавар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-19 11:55:55

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн гадаргын температур 2013 оноос хойш 0.6-2.9 хэмээр нэмэгдсэн байна. Дулаарал нь бүслүүр бүрд өөрөөр илэрч буй хэдий ч сүүлийн 10 орчим жилийн хугацаанд ихэнх нутгаар дулаарсан бөгөөд маш цөөхөн газруудад олон жилийн дунджаас хүйтэн болжээ.

 

Судалгаанаас үзэхэд аймгийн хэмжээнд зүсэр бороо багасч, гэнэтийн аадар борооны давтамж нэмэгдсэн байна. Сүүлийн есөн жилийн Баянхонгор аймгийн гангийн давтагдал хувиар илэрхийлсэн дүнгээс харвал 2016, 2019, 2021 онд газар нутгийн 90-ээс дээш хувьд зуншлага сайн, мөн хугацааны ихэнх жилүүдэд, ялангуяа сүүлийн жилүүдэд ихэнх нутаг гандуу буюу гантай болсон байна.


Жил бүр хөрсний чийг дутагдсанаас бэлчээрийн ургамлын ургалт удааширч, цөлжилт нэмэгдэн, нийт нутгийн 10-60 хувьд гандуу, гантай болсноос гадна цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг үр дагаврууд нэмэгджээ.


Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс үүдсэн аюул ослын дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн дуудлагын багагүй хувийг эзэлдэг байна. 2015-2022 онд гамшгийн улмаас амиа алдсан нийт хүний 55 хувь нь усны осол, 2 хувь нь хүчтэй салхи шуурга, 3 хувь нь үерийн улмаас амиа алдсан байна.

Холбоотой мэдээ