Өндөр халуурч, бөөлжвөл эмнэлэгт хандахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-28 14:05:54

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. БНХАУ-д сүүлийн үед уушгины хатгалгаа нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдаж байгаа. Анх арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд бүсэд уушигны хатгалгаа нэмэгдэж байна гэдэг мэдээллийг БНХАУ-ын талаас хийсэн. Тэгвэл эл асуудлаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Энэ нь улс орнуудад хаалттай орчинд дэгдэлт хэлбэрээр бүртгэгддэг, нянгийн гаралтай халдвар аж.


Монгол Улсад ч уг халдвар хязгаарлагдмал орчинд бүртгэгддэг, өөрөө эдгэдэг өвчлөл юм байна. Манай улсад энэхүү нянгийн гаралтай халдварыг антибиотикоор эмчилдэг ажээ. Шинж тэмдэг нь амьсгалын дээд замаар илэрдэг ч бага насныхан халдвар авсан тохиолдолд хатгаа болж хүндрэх эрсдэлтэй. Тэр дундаа тав хүртэлх настай хүүхэд энэ вирусээр өвчилбөл хүндрэх эрсдэлтэй, томчууд хөнгөн тусдаг.


Хэрвээ хүндэрвэл эмнэлэгт хэвтэх бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүд тусвал хүндрэх эрсдэлтэй халдвар аж. Урд хөршид тархсан амьсгалын замын энэ өвчлөл манай улсад илэрсэн тохиолдолд эм, антибиотикийн хангамж хангалттай байгааг ХӨСҮТ-өөс онцлов.


Монгол Улсад энэхүү микоблазм тархах эрсдэл хэр өндөр байна вэ гэдэг дээр ХӨСҮТ, Гааль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд “дунд” гэж гарчээ. Уг үнэлгээг цаашид ч үргэлжлүүлэн хийнэ. Оношлохдоо PCR шинжилгээгээр оношилдог. Цар тахлын үед оношилгоо сайжирсан тул түүнийг илрүүлэх чадавхтай гэж үзжээ. Амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг, халуурдаг, чихний үрэсвэл болдог тул эмнэлгийн байгууллагад хандаж, оношилгоо хийлгэх шаардлагатай.


Уг халдварын асуудлаар ХӨСҮТ нь 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай онлайн уулзалт хийхээр болжээ.  

Холбоотой мэдээ