ЕВРО-2024 тэмцээний албан ёсны бөмбөгийг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-11-16 16:49:32

БЕРЛИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /UEFA/. ЕВРО-2024 тэмцээний албан ёсны бөмбөгийг Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/, Adidas компани хамтран Германы нийслэл Берлин хотын “Olympiastadion” цэнгэлдэх хүрээлэнд лхагва гарагт танилцууллаа. 


Энэхүү бөмбөгийг “Fussballliebe” хэмээн нэрлэсэн нь герман хэлээр “хөл бөмбөгийн хайр” гэсэн утгатай ажээ. Бөмбөгөн дээр тэмцээнийг зохион байгуулагч хот бүрийн нэрийн хажууд тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгийн зураг харагдана.


“Тэмцээний албан ёсны бөмбөгийг зохион бүтээхдээ бид тэмцээний эрч хүч, олон талт байдал, европчуудын хөл бөмбөгийг хайрлах хайраас санаа сэдэл авсан. Иймийн учир “Fussballliebe” бөмбөгийг хаана ч өшиглөсөн баяр баясгаланг авчирна гэдэгт найдаж байна” гэж Adidas компанийн бүтээгдэхүүн, дизайны дэд ерөнхийлөгч Сэм Хэнди ярилаа.


“Fussballliebe” бөмбөгийг хийхийн тулд “Connected Ball" технологийг ашигласан бөгөөд энэ нь тоглолтын үеэр шүүгчдэд богино хугацаанд үнэн зөв шийдвэр гаргахад тусална. ЕВРО-2024 ирэх оны зун Германы Берлин, Кёльн, Дортмунд, Дюссельдорф, Франкфурт, Гельзенкирхен, Хамбург, Лейпциг, Мюнхен, Штутгарт гэсэн 10 хотод болно.

 


Холбоотой мэдээ