Үл үзэгдэх нейтриног илрүүлэх төхөөрөмжийг далайд суурилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-27 15:50:36

ШАНХАЙ, 2023 оны аравдугаар сарын 27 /new-science/. Хятадын Шанхай хотын тээврийн их сургуулийн эрдэмтэн, инженерүүдийн баг үл үзэгдэх сансрын тоосонцор гэгддэг нейтриног илрүүлэх зорилгоор дэлхийд анх удаа далайн гүнд суурилуулах төхөөрөмжийг зохион бүтээж эхэлжээ. 


Номхон далайн гүнд байрлуулах уг телескопын тусламжтайгаар сансраас ирж буй уг тоосонцрын урсгалыг шинжлэх бөгөөд хэзээ нэгэн цагт эх үүсвэрийг нь олж тогтооно гэж найдаж байна. Нейтриногийн хэлбэлзлийг хэмжсэнээр Стандарт загварчлалаас хальсан өөр шинэ физикийг судлахын сацуу квант таталцлын талаар шинэ туршилт хийх боломж бүрдэнэ.


Сансар огторгуйн цацраг туяанууд дэлхийн агаар мандлыг нейтриногоор байнга бөмбөгдөж байдаг. Релик цацрагийн фотонуудтай мөргөлдөх үедээ эдгээр туяа нь ПэВ-ээс ЗэВ хүртэлх энерги бүхий "космоген" нейтриног үүсгэдэг. 


Одон орны физикчид нейтриногийн эх үүсвэрүүдийг олж нээснээр супернова дэлбэрэлт, хар нүхний ойр орчмоос матери ялгарах зэрэг сансрын хамгийн экстим үйл явдлын үед тохиолддог асар их энерги ялгаруулдаг сансрын цацрагийн гарал үүслийн нууцыг тайлах гэнэ. Нейтрино нь бодисуудтай маш сул харилцан үйлчлэлд ордог тул эдгээр тоосонцор ямар ч ул мөр үлдээлгүйгээр хаа сайгүй нэвтэрдэг ажээ. 


Хятадын эрдэмтэд, инженерүүд TRIDENT (Tropical Deep-Sea Neutrino Telescope) илрүүлэгчийг Номхон далайн хойд хэсэгт 3.5 орчим км-ийн гүнд байрлуулахаар төлөвлөсөн байна. Уг илрүүлэгч нь далайн ёроолд бэхлэгдсэн 700 м урт 1200 ширхэг босоо кабель утаснаас бүрдэнэ. Тэдгээрийг далайн замган шугуйн адил бие биенээс нь 70-100 метрийн зайтай бэхэлнэ. Мөн өндөр нарийвчлалтай 20 ширхэг дижитал оптик модулийг кабель утас болгонд суурилуулах юм. Дөрвөн км-ийн голчтой "Neutrino Telescope" нь далайн усны 8 шоо км-тэй тэнцэх 12 хавтай дөрвөлжин км талбайд өндөр энергитэй нейтриногийн урсгалыг барьж авах бөгөөд ашиглалтын хугацааг 20 жил байхаар тооцоолжээ. Эрдэмтэд эхлээд уг технологийг туршихын тулд 10 кабель утас бүхий жижигхэн хувилбарыг зохион бүтээж, 2026 онд бэлэн болгох аж.


"Харин  бүрэн хэмжээний "Neutrino Telescope" ашиглалтад орсноос нэг жилийн дараа "NGC 1068" гэдэг галактикаас Дэлхий рүү ирж буй нейтриногийн урсгалыг илрүүлэх боломжтой болно" гэж төслийн удирдагчдын нэг Сюй Дунлян ярилаа.


Уг дуран авай нь дэлхийг бамбай болгон ашиглаж, эсрэг чиглэлээс манай гаргийг дайран өнгөрч буй нейтринонуудыг барьж авна. TRIDENT нь экваторын ойролцоо байрлах тул дэлхийн эргэлтийн нөлөөгөөр Антарктид дахь “IceCube” илрүүлэгч болон дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буй бусад дуран авайн тусламжтайгаар хойд ба өмнөд хагаст бүхэлд нь нейтриног барьж чадах ажээ. 


Антарктидын “IceCube” ажиглалтын төвд цуглуулсан өгөгдлүүд болон хиймэл оюун ухааныг ашиглан АНУ-ын эрдэмтэд анх удаа Сүүн замд үүссэн нейтриногийн замыг судалж, эдгээр бөөмийг галактикийн газрын зураг дээр буулгажээ. Энэ бол гэрлээс өөр зүйлээр хийсэн манай галактикийн анхны зураглал юм.




Холбоотой мэдээ