Цэрэг татлагыг нийслэлд энэ сарын 19-22-нд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-16 16:05:25

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна.


Иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдахаас гадна цэрэгт явах боломжгүй, хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлэх юм.


Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын бэлтгэлийн талаар хэлэлцэн, 18-25 насны иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, Засгийн газрын тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах журамд заасан өвчний онош, заалтуудаар тэнцүүлэх, чөлөөлөх тухай санал солилцжээ. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, шуурхай хүргэхээр бэлтгэл хангаад байна. Тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Энэ нь коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой 2020, 2021 онд хэрэгжээгүй. Харин өнгөрсөн жилийн хавраас хариуцлага ногдуулж эхэлсэн” хэмээлээ.


Цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулахаар бэлтгэлээ бүрэн хангажээ. Тодруулбал,


Баянзүрх дүүрэг-14 дүгээр сургууль

Сонгинохайрхан дүүрэг-83 дугаар сургууль

Баянгол дүүрэг-96 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль

Хан-Уул дүүрэг-34 дүгээр сургууль

Чингэлтэй дүүрэг-5 дугаар сургууль

Багануур дүүрэг- “Гүн галуутай” цогцолбор сургууль

Багахангай дүүрэг- “Хангай” цогцолбор сургууль

Налайх дүүрэг-“Налайх” политехник коллежид зохион байгуулна.

 


Холбоотой мэдээ