Дэлгэрийн Чойрын хийдэд залагдсан жанжин Д.Сүхбаатарын хөшөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-17 13:33:34
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн Чойрын хийд нь 1918 онд их номч эрдэмтэн лам, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн Шагдарын Дамдин буюу Зава Дамдин гавжийн байгуулж, тухайн үедээ 500 гаруй лам хувраг сууж асан, улмаар 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон Монголын шарын шашны томоохон хийдүүдийн нэг байв.


Дэлгэрийн Чойрын хийдийг анх Манж Чин улсын хаан Энх-Амгалангийн 36 дугаар онд /1697 он/ байгуулсан, 1918 онд Зава Дамдин гавж нутагтаа ирээд Дэлгэр уулын өвөрт нүүлгэн шилжүүлж шинээр төвхнүүлсэн түүхтэй юм байна. Улмаар 1930-аад оны их хэлмэгдүүлэлт, лам нар, шашин, соёлын өвийг устгах шуурганд өртөж бүрэн устжээ. Тэнд шавилан сууж асан 500 гаруй ламын ихэнх нь буудуулжээ. Үүнээс үлдсэн, тухайн үедээ хүүхэд, залуучууд голдуу байсан цөөн лам нь хожмоо 1970-аад оны үед хийдийн тууринаа нүүж ирж суурьшин нууцаар шашин номын зарим зан үйлийг үйлдсээр 1990 онтой золгосон байна. Шашин, соёлын томоохон газар байсныг гэрчлэх сүмийн тоосго, чулуун тууриуд, сүм дуганы эвдэрхий үлдэгдэл зэрэг нь энд  20 дугаар зууны эхэнд ойр хавийнхаа (Энэ орчмын нутаг нь хуучнаар Дайчинбэйсийн хошуу байжээ) эрдэм соёлын төв байсныг гэрчилж үлджээ.


Өнөөгийн Дэлгэрийн Чойрын хийдийг Зава Дамдин гэгээнтний хойд дүрээр тодорсон Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаа өөрийн багш Гүр Даваа Ринбүчигийн захиас сургаал, даалгаврын дагуу 2004 оноос сэргээн байгуулах ажлыг эхлүүлж, өдгөө Зава Дамдин гэгээнтэнд зориулсан гэрэлт хөшөө, Зарлигаар байгуулсан Соёмбот орон, Манзуширыг баясгах сүм, Бадаргуу цагаан гэрэлт өргөө зэрэг хурал номын сүмүүд, 20 гаруй ламтай, байнгын хурал ном хурж, сүсэгтэн олондоо үйлчилдэг буян номын газар болгожээ.


Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, их номч, соён гэгээрүүлэгч Зава Дамдин Лувсандаяан гэгээнтний мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан хийдийн Соёмбот орон сүмийг хамгийн сүүлд 2017 онд байгуулж дуусжээ. Дан чулуугаар барьсан энэхүү сүмд эртний бурхадын баримал, танка зургууд эх хувиараа, мөн хийдийн гол шүтээн Дорж Шүгдэн бурхан залаатай байна. Соёмбот орон бол Дэлгэрийн Чойрын хийдийн төв өргөө бөгөөд Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаа энд залардаг ажээ.


Дэлгэрийн Чойрын хийдэд Соёмбот орон нэрт сүмийг байгуулсан нь бас учиртай аж. Соёмбо бол өөрөө тодорсон гэсэн утгыг илэрхийлсэн санскрит үг бөгөөд дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм байна. Энэхүү соёмбыг тэртээ 20 дугаар зууны эхэнд төрийн далбаанд байршуулах санаачилга гаргахад Зава Дамдин гавж оролцож байжээ. Үүнээс хойш Монгол Улсын төрийн далбаанд соёмбо үсэг утга төгөлдөр оршсоор байгаа тул энэхүү сүмийг Соёмбот орон (Энэ тухай 2017 онд Соёмбот орон сүмийн нээлтийн үер Зава Дамдин Ринбүчи МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Т.Отгонтуяад тайлбарлаж байжээ) хэмээн нэрлэсэн юм байна.


Сонирхолтой нь, Соёмбот орон сүмийн өмнөх талбайд 1946 онд уран барималч С.Чоймболын эх загвараар бүтээсэн, нийслэлийн төв талбайд 1946-2011 оны хооронд байрлаж асан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний анхны баримал залаастай байна. Соёмбот орон, жанжин Д.Сүхбаатарын хөшөөг тойруулан суулгасан 14 арслан ч С.Чоймбол нарын урчуудын анх урласан арслангууд ажээ.


2011 онд Засгийн газраас шийдвэр гарч, Д.Сүхбаатарын хөшөөг анхны эх загварын дагуу хүрэлдэж цутган шинэчилж, хуучин хөшөө, арслангуудыг буулгасны дараахан Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаа Улаанбаатар хотноо ажлаар явахдаа нэгэн айлын хашаанд санамсаргүйгээр эдгээр хөшөө, арслангуудтай тааралдаж, улмаар ажил хариуцсан хүмүүст гуйж учирласаар байгаад авчээ. Жанжин Д.Сүхбаатарын хөшөө, түүнийг тойрсон арслангуудыг буулгах явцад хөшөөний хөлийг хугалж эвдэлсэн, зарим арслангуудын үндсэн төрхийг сүйтгэж хагалж гэмтээсэн байсныг хожим сэргээн засварлаж ийнхүү хийддээ залжээ.


Хууччуулын ам дамжиж ирсэн яриагаар бол С.Чоймбол тэргүүтэй тухайн үеийн уран барималчид ихэнх нь лам байгаад хар болсон, тэд жанжин Д.Сүхбаатарын хөшөө, маршал Х.Чойбалсангийн хөшөө, Нисэхийн цагаан хаалга (одоо буулгаад байхгүй болгосон) зэрэг хөшөө дурсгалыг урлан босгохдоо бурханы шашны ёсоор равнайлж, шүншиг оршоосон гэгддэг байжээ. Мөн их жанжин Д.Сүхбаатар, эрдэмт гавж Зава Дамдин хувилгаан нар бол нэгэн цаг үед амьдарч явсан, номын барилдлагаар холбоотой байсан тухай ч дам яриа байдаг аж. Энэ агуулгаараа Дэлгэрийн Чойрын хийдийн тэргүүн Зава Дамдин Ринбүчи Лувсандаржаатай их жанжин Д.Сүхбаатарын буулгаад хаячихсан хөшөө тааралдсан нь, улмаар дахин сэргээгдэж залагдсан нь их л учиртай, урьд өмнийн учрал ерөөл байж дээ хэмээн санагдах авай.























Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ