АРХАНГАЙ: Улсын арслан М.Бадарчид Ланд-300 авто машин бэлэглэв

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-07-28 23:32:48

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Тулгар төр үүсэн байгуулагдсаны түүхт 2232, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарч түрүүлж, Монгол Улсын арслан хэмээх цолыг хүртсэн билээ.


Аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн тавын давааны дараа Монгол Улсын арслан М.Бадарчид Архангай аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, Хангайн клуб, Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр, Бөхбилэгт дэвжээ болон Архангай нутгийн гаралтай аж ахуй нэгж, компаниуд хамтран Ланд-300 авто машиныг ирэх жилийн улсын баяр наадамд ахин түрүүлж, Монгол Улсын аварга цолоо авахыг бэлгэдэж ерөөн бэлэглэлээ.



Улсын наадмаас улсын арслан цол хүртсэн М.Бадарч, улсын харцага цол хүртсэн С.Сүхбат, улсын начин болсон А.Отгонбаатар болон Хакухо М.Даваажаргал нарт иж бүрэн тоноглолтой морьдыг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид гардуулсан юм.










Мөн аймгийн баяр наадмын цол олгох хүчит бөхийн барилдаанд тав давж, аймгийн начин цол хүртсэн Д.Эрдэнэчулуунд Архангай аймгийн Залуучуудын холбооноос хээр даага өгснийг аймгийн Засаг даргын орлогч, Архангай аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Санжмятав гардуулан өглөө.