Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн хэргийг шүүхэд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-02 15:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 40.536, мөрдөн байцаалтын 2993 хэргийг хянажээ.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 74, Хөдөлгөөний аюулгүй байдал, Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига, албан тушаалын 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 8, Хуурамч баримт бичиг үйлдэх, Хууль сахиулагчийг эсэргүүцэх, Соёлын өвийн эсрэг тус бүр 2, Мөнгө угаах, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, Цэргийн албаны эсрэг тус бүр 1, нийт 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.


Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Н, улсын бүртгэгч Г.Б, М.М, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Н, УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Ч, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын БЗД-ийн улсын бүртгэгч Б.Б нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;


БЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.М нь иргэн Ж.Б, А.Э нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,


-Дундговь аймгийн прокурорын газраас иргэн Ө.Г, Т.Ч, Б.Д нар нь бүлэглэн тус аймгийн нутаг дэвсгэр дэх эртний хиргисүүр буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдэж, гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ