Итали, Грек "COVID-19"-ийн улмаас тогтоож байсан хязгаарлалтуудаа сулруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-02 11:00:59

РОМ. /VOA/. Европт зуны аялал жуулчлалын улирал ойртон ирж буй энэ үед Итали, Грек “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоож байсан зарим хязгаарлалтын арга хэмжээгээ ням гаргаас сулруулжээ. Энэ нь хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орж байгаагийн илрэл болж байна.


Тодруулбал, Грекийн Иргэний нисэхийн удирдах газар олон улсын болон дотоодын нислэгт мөрдөж буй “COVID-19”-ийн бүх дүрэм журмыг цуцалж байгаагаа мэдэгджээ. Үүнд нислэгийн үеэр болон нисэх буудлуудад амны хаалт зүүх журам хамааралгүй байна. Урьд нь зорчигчдоос вакцинд хамрагдсан баталгаа, мөн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх юм уу эдгэрээд удаагүй байгаагаа батлахыг шаардаж байсан юм.


Мөн Италийн Эрүүл мэндийн яамны баталсан шинэ удирдамжийн дагуу зоогийн газар, кинотеатр, бялдаржуулах төв зэрэг үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд эрүүл мэндийн гэрчилгээ шаардахаа болжээ. Харин вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн, шинжилгээний хариу сөрөг гарсныг батлах ногоон паспортыг эмнэлэг, асрамжийн газарт үзүүлэх шаардлагатай байна.


Үүний зэрэгцээ супермаркет, ажлын байр, дэлгүүр зэрэг битүү орчинд заавал амны хаалт зүүх журмыг цуцалсан ч нийтийн тээврийн хэрэгсэл, кинотеатр, эрүүл мэндийн байгууллагууд, ахмад настны асрамжийн газруудад амны хаалт зүүхийг шаардана.


Хэдийгээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж байгаа ч эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд цар тахал дуусаагүй байгааг онцлон анхаарал болгоомжтой байхыг иргэдэд уриалж байна. Италид хамгийн сүүлийн мэдээллээр 100 мянган хүн тутамд 699 тохиолдол бүртгэгдэж, өдөрт 100 гаруй хүн нас барж, нийт нас барсан хүний ​​​​тоо 163 мянга даваад байгаа юм. Гэхдээ эмнэлгийн ачаалал хэвийн байна.


Вирус олон нийтийн дунд байсаар байгаа тул бид вакцинжуулалтын аян, тэр дундаа нэмэлт тунгаар дархлаажуулах ажлыг үргэлжлүүлж, битүү орчинд, мөн олон хүн цугларсан, халдвар авах эрсдэлтэй газар амны хаалт зүүж байх ёстой” гэж Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, доктор Жованни Резза хэлжээ.


Итали нь 2020 оны хоёрдугаар сарын 21-нд дотоодод халдвар дамжсан анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Европын дэгдэлтийн голомт болж байсан юм. Тус улсын Засгийн газар халдварын эхний давлагааны үеэр Өрнөдийн орнуудын дундаа хамгийн хатуу хөл хорио тогтоож, үйлдвэрлэлийг зогсоож байсан бөгөөд дараагийн давлагаануудын үеэр хөрш орнуудаасаа хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүдийг мөрдөж ирсэн юм. 

Холбоотой мэдээ