Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо цахим уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-07-29 09:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооноос тус Дэд хорооны гишүүдэд хандаж тавьсан хүсэлттэй холбогдуулж цахим уулзалт  зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайдын өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-ны 123 тоот тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагын уурын зуухыг  энэ оны 5 дугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглосон.

Дээрх шийдвэрээс улбаалан уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг ААН,  байгууллага үйл ажиллагаагаа зогсооход хүрч, энэ талаар УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүдтэй уулзах хүсэлт гаргасны дагуу тус Дэд хорооноос өнөөдөр холбогдох бүх талуудыг оролцуулан цахим уулзав.

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр товч танилцуулга хийж, Шадар сайдын тушаалын хэрэгжилтийг нэг жилээр сунгах талаар Ажлын хэсэг дээр ярьсан талаар тэмдэглэсэн бол Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ Шадар сайдын тушаалын хэрэгжилттэй холбогдуулж “Мидлинг” буюу баяжуулсан нүүрс түлж барилгын материал, ус, ундаа үйлдвэрлэх, мах боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 68 ААН үйл ажиллагаагаа зогсоож, сул зогсолтод шилжсэн. Эдгээр ААН үйлдвэрийн бүсэд байрладаг учир дэд бүтэц, төвлөрсөн дулаанд холбогдох боломж одоогоор байхгүй.




Үйл ажиллагаа зогссоноос болоод зах зээл дээр нэг ширхэг нь 180 төгрөг байсан тоосго 500 төгрөгөөр өнөөдөр олдохгүй болсон. Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд буюу барилгын материал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой байгаа нь судалгаагаар гарсан. Энэ бүхнийг харгалзаж бид уулзах хүсэлт гаргасан гэлээ.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах байр суурь баримталж байгаа ч цар тахлын хүнд үед ААН-үүдэд боломж олгосон шийдвэр гаргах талаас авч үзэж байна гээд цаашид хүхрийн хэмжээг стандарт түвшингээс илүү ялгаруулдаг “Мидлинг” баяжуулсан түлшийг ашигласан хэвээр байлгүй, технологийн шийдэл нэвтрүүлэх талаас  саналаа хэлэв. Уг түлшний талаар ШУТИС-ийн багш А.Түмэнбаяр "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний нийт орцын 95 хувийг “Мидлинг” буюу эрчим хүчний баяжуулсан нүүрс дангаараа эзэлдэг учир уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн түлж буй “Мидлинг” түлш агаарын бохирдолд нөлөөлөх нөлөөлөл нь  сайжруулсан шахмал түлштэй адил байна гэсэн мэдээлэл өглөө.




Холбогдох талуудын дээрх мэдээлэлтэй холбогдуулж Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, гишүүн Т.Аубакир нар зарим асуудлыг тодруулж, албан тушаалтнуудаас хариулт авав. Албан тушаалтнууд ААН-үүдийн тавьсан хүсэлтийн дагуу бизнес эрхлэгчдэдээ боломж олгосон шийдвэр гаргах талаас хариулж, саналаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


Холбоотой мэдээ