Хятад улс Синофармын вакцинд зөвшөөрөл олгохоор бэлтгэж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-25 12:00:41

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын "Синофарм" компани өөрийн бүтээсэн коронавирусний вакциныг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл авахаар холбогдох байгууллагад хүсэлтээ өгөөд байна.

            Хятадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уг вакциныг шинэ оны өмнө эсвэл дараахан Хятадын зах зээлд нэвтрүүлэх төлөвтэй байгаа юм.

            Тус улсын Үндэсний Эмийн хяналт, удирдлагын газарт /ҮЭХУГ/ Синофарм компани амьгүйжүүлэх /идэвхгүйжүүлэх/ аргаар гарган авсан вакцинаа зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл авахаар хүсэлтээ ирүүлсэн талаар тус газар мэдээлсэн юм.

            Улмаар Хятад улсын эм батлах тусгай журмын дагуу вакцинд зөвшөөрөл олгох ажил явагдаж байна.

            ҮЭХУГ энэ сарын 21-нд “Биологийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгох удирдлагын хууль”-ийг танилцуулсан бөгөөд тус хуульд “халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах болон онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах шаардлагатай вакциныг батлах үйл явцаас чөлөөлж, ҮЭХУГ-аас шууд зөвшөөрөл олгоно” гэж заажээ.

            Хятад улсад эм батлах үйл явц гэдэг нь 60 хоногийн хугацаатай байдаг ба дээрх шинэ бодлого хэрэгжиж эхэлснээр шаардлагатай вакциныг цаг алдалгүй зах зээлд нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.  


Холбоотой мэдээ