"Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020" үзэсгэлэн шилдгүүдээ шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-20 19:20:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020" экспортын үзэсгэлэн худалдаа "Мишээл Экспо" төвд 5 өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа. 

Үзэсгэлэнг хаах үеэр шилдгүүдийг тодруулав. Энд ноос, ноолуурын салбарт "Ханбогд кашимер" ХХК "Далайн эрдэнэс" цуврал коллекц бүтээгдэхүүнээр шилдгийн шилдэг шагнал авлаа. 

Монгол, итали дизайнеруудын хамтарсан коллекц загвар бүхий гран при шагнал хүртсэн бүтээгдэхүүний талаар компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Нямтунгалагаас тодруулбал, "Бид далайд байдаг янз бүрийн эрдэнэсийг ноолууран бүтээгдэхүүн дээр тусгаж гаргахыг хичээсэн. 


Үүнийг нарийн технологиор буюу Германы “Штол”, Японы “Шима Сейки” фирмийн машинаар сүлжин гаргаж хийснээр онцлог юм. Ийнхүү технологийн шийдэл гаргасныг үнэлэн гран при шагналыг хүртээлээ гэж ойлгож байна. 

Энд эрэгтэй, эмэгтэй болон чөлөөт загварын элигант бүтээгдэхүүнүүд байна. Шинэ коллекц хувцас нь лакшери түвшний брэндийн онцлогтой. Цацагтай, цацгийг биеийн тамирын хувцаст хүртэл сүлжиж гаргасан. 2020/2021 оны загварын өнгөний шийдлийг тод гаргаснаараа онцлог юм. Ихэвчлэн саарал, бараан, ягаан, цагаан зэрэг өнгийг сонгосон нь далайн сувд эрдэнэсийн өнгийг уусган гаргах гэсэнтэй холбоотой" гэдгийг тодотголоо. 


"Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020" экспортын үзэсгэлэнгийн арьс ширний салбарын шилдгээр "Мон Ирээдүй" ХХК шалгарлаа. Шагналыг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Дондогдорж болон Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Ёндонсамбуу, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар гардууллаа. Мөн үзэсгэлэнгийн оны онцлох бүтээгдэхүүнээр "Говь" ХК-ийн ноолууран "Хүннү" эрэгтэй загварын бүтээгдэхүүн тодорлоо. Шилдэг павильонтой компаниар "Энхжин сувинер" ХХК, тусгай байрны шагналыг арьс ширэн бүтээгдэхүүний "Моод малгай", "Мэргэн тур" ХХК-иуд хүртэв. 


"Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020" экспортын үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, Монголын Ноос, ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, "Мишээл Экспо" ХХК хамтран экспортын бүтээгдэхүүнийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм. 




Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ