Турк хилээ нээсний дараа 100 мянга гаруй дүрвэгч Европт нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-03-02 12:02:54

АНКАРА. /TASS/. Туркийн эрх баригчид дүрвэгчдэд хилээ нээх шийдвэр гаргасны дараа 100 мянга гаруй дүрвэгч Европт нэвтэрсэн байна.


“Ням гарагт орон нутгийн цагаар 19 цаг 40 минутын байдлаар 100 577 хүн Эдирне боомтоор манай улсыг орхин гарсан” гэж Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Өмнө нь 76 мянга гаруй дүрвэгч Туркээс гарсан гэж мэдээлж байв.


Европын Холбоотой /ЕХ/ залгаа хилээ Сирийн дүрвэгчдэд нээнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган урьд нь мэдэгдсэн юм. Тэрбээр өмнө нь байгуулсан гэрээгээ зөрчиж байна гэж ЕХ-г буруутгажээ. "Reuters" агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас баасан гарагт шилжих шөнө Сирийн Идлиб мужид Туркийн 36 цэрэг амиа алдсаны дараа ийм шийдвэр гаргасан байна.


ЕХ болон Турк улс цагаачлалын хямралтай тэмцэх хамтарсан төлөвлөгөөг 2016 оны гуравдугаар сарын дундуур баталсан юм. Уг төлөвлөгөөнд дүрвэгчдийг хүлээн авах болон Туркээс Грек рүү гарсан хууль бус цагаачдыг буцаахад Анкарад санхүүгийн тусламж үзүүлэх, мөн Туркээс Сирийн хууль бус цагаачдыг ЕХ-ны орнуудад хүлээн авахдаа “нэг нэгээр нь” гэсэн зарчим баримтална гэж тусгажээ.


Дүрвэгсдийн урсгалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын улмаас Грекийн эрх баригчид Турктэй залгаа хилийнхээ хамгаалалтыг чангатгасан байна.


Холбоотой мэдээ