Дорноговь аймагт гадны аймгийн 170 гаруй мянган толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-02-17 16:22:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн мал аж ахуй салбарт өрнөж буй зарим үйл явдлаас тоймлон хүргэе.

Хоёрдугаар сарын 17-ны байдлаар Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Алтанширээ Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Өргөн суманд Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн 163 өрхийн 162,мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Сум дундын отрын бүс нутаг болох 111200 га нөөц талбайд цаг хүндэрсэн үед отор нүүдлийн  зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн.  Отор нүүдэл хийх Сумдын Засаг дарга нарт харилцан тохиролцон гэрээг яаралтай байгуулах талаар чиглэл өгч ажиллаж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Тус аймгийн нутагт хадлан хийх боломж байдаггүй боловч жил бүрийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангахад шаардагдах аймаг, сумын өвсний аюулгүй нөөцийг хил залгаа орших Хэнтий, Сүхбаатар Дорнод аймгийн нутгаас гэрээ байгуулан бэлтгэдэг юм.


Өвөлжилт хүндэрсэн сумдад тусламж үзүүлэв

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн Мандах, Даланжаргалан Иххэт Алтанширээ, Дэлгэрэх суманд НҮБ-ын тусламжаар 100 өрхөд 42,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлжээ.

Өнгөрсөн оны 12  дугаар  сард тус аймгийн нийт суманд цас орсонтой холбогдуулан 12 сарын 29-нд хээрийн цасны хэмжилтийг Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн харьяа цаг уурын өртөө харуулын ажиглагч нар Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын хийсэн байдаг.

Албаныхан цасны дундаж зузаан, хунгарын зузаан,  цасны нягтралд хэмжилт хийж үнэлэхэд  Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Мандах сумын нутгаар “Цагаан зудархуу”, Иххэт Даланжаргалан сумын нутгаар “Цагаан зудтай” гэсэн дүгнэлт гарсан юм.


Малчдад Масс мессеж үйлчилгээг хүргэж байна


Мал аж ахуйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээллийг малчдад шуурхай хүргэх зорилгоор орон нутгаас 5.0 сая төгрөгийн санхүүжилт гаргаж үүрэн телефоны Мобиком, Скайтел компанитай гэрээ байгуулан   Масс мессеж үйлчилгээг нэвтрүүлэн сум, баг, малчин өрх бүрт цаг үеийн шуурхай мэдээллийг давхардсан тоогоор нийт 14694 малчинд мэдээлэл хүргэжээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд төл хүлээн авч нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байгаа бөгөөд малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Нийт нутгийн 31 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ


“Бэлчээрийн газрын өөрчлөлтөд фото мониторинг хийх” журам, аргачилсан зааврын дагуу 2019 онд бэлчээр ашиглалтын нөлөөлөлд фото мониторингийн аргаар хяналт хийх ажлыг 2019 оны 8 дугаар сард 14 сумын ЗДТГ, УЦУОШГ-тай хамтран аймгийн хэмжээнд 54 багийн хяналтын 72 зогсоол цэгт судалгааг хийж гүйцэтгэжээ.

Дэлгэрэх сумын Цагаан хад баг, Сайншанд сумын  тавдугаар багт даац 3-5 дахин, Иххэт сумын Бүрдэнэ баг, Даланжаргалан сумын Цомог баг, Эрдэнэ, Хөвсгөл сумын төвд даац олон дахин хэтэрсэн байдалтай байна.


Нийт нутгийн 17 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээтэй бөгөөд нөөцтэй, 35 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 31 хувь нь даац 1-3 дахин, 17 хувь нь 3-5 дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

 

Бэлчээрийн усан хангамжийн чиглэлээр төсөв батлаагүй


Дорноговь аймагт усан хангамжийг нэмэгдүүлэх, худаг ус гаргах чиглэлээр ХХААХҮС-ын багцад энэ жил ямар нэгэн төсөв батлагдаагүй байна.

Харин ус цэг хайх, судалгаа хийх чиглэлээр  80 цэг дээр 80 гаруй сая төгрөгийн төсөв  баталсан аж. Дорноговь аймаг энэ онд нийт 28 инженерийн хийцтэй худаг ашиглалтад оруулж 42 мянган га бэлчээрийг усжуулж  140,0  мянган толгой малыг услах боломж бүрдүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Холбоотой мэдээ