500 алд харвадаг эртний нумыг сэргээн урлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-03 20:04:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийд түгсэн өв соёл" үзэсгэлэнг өнөөдөр Монголын театрын музейд нээлээ. Үзэсгэлэнд МУСГЗ, цуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржав дэлхийд аялан тоглосон 30 гаруй жилийнхээ бүтээлийг харуулсан гэрэл зураг, альбом, бичсэн ном, хөгжим хэрэгсэл, дүрс бичлэг зэргийг дэлгэсэн байна.

Э.Баатаржав одоогоор дэлхийн 90 гаруй орноор аялж, туулиа хайлан, очсон орныхоо тууль, домгийг судалжээ. Тэрбээр өөрийн өвгөдөөс сурсан "Аргил цагаан өвгөн", "Баян цагаан өвгөн" хоймсон туулийн эхлэлээс хайлав. Ямар ч тууль хайлахын өмнө "Алтайн магтаал"-ыг заавал дуудна. Тэгэхгүй бол тууль хүндэддэг гэж тайлбарлав.

"Монголд 500-700 орчим тууль байжээ. Эрдэмтэд 270 гаруйг нь судалсан боловч 150 туулийг уншиж, сонсох хэмжээнд ил болгож байгаа. Тэглээ ч Монголд тууль судлал хоцрогдож, туульчид улам цөөрсөөр байна. Дэлхийд аялж байхдаа сонирхоход нэлээд эртний түүхтэй юм уу том эзэнт гүрэн байсан улс нэг хоёрхон туультай байна. Манай Монголд бол хамгийн олон тууль байдаг" гэж Э.Баатаржав ярилаа.


АНУ-аас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески "Монгол туулийг ихэд сонирхдог болоод байна. Манай индиануудын хайлдаг туультай их төстэй юм. Өнөөдрийн үзэсгэлэнг үзээд монгол туулийн тухай ойлголтоо улам баяжууллаа. Э.Баатаржав бол хөөмийлж, тууль хайлахын зэрэгцээ, цуур, лимбэ, хуур зэрэг хөгжмийг чадварлаг эзэмшсэн гоц авьяастай хүн юм. Их сонирхолтой, увдистай, авьяастай санагдаж байна" гэв.

Ийнхүү Э.Баатаржавын уран бүтээлийн тухай "Монгол уламжлал" академийн тэргүүн, МУСГЗ, зохиолч Л.Дашням, Эйнштений шагналт эрдэмтэн, доктор О.Лхагва, судлаач Ч.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албаны ажилтан Д.Аззаяа болон Ховд аймгийн Манхан сумын ахмад багш, иргэдийн төлөөлөл, урлаг соёлын байгууллагын ажилтнууд, зураач, эрдэмтэд үг хэлж баяр хүргэлээ. Өв язгуурын "Алтай", "Хүннү", "Домог" чуулгын уран бүтээлчид Э.Баатаржавтай хамтран "Их Арван гурван Алтай" туулиас хайллаа.


"Алтай" чуулгынхан Э.Баатаржавтай хамтран Ховд аймгийн Манхан суманд туулийн овоо босгон хоёр дахь жилдээ тахижээ. Мөн Э.Баатаржавын шавь нар 500 алд харвадаг байсан эртний хийцийн нумыг сэргээж урласнаа дуулгалаа. "Дэлхийд түгсэн өв соёл" үзэсгэлэн энэ сарын 7-ны 12 цаг хүртэл  Монголын театрын музейд гарна.


Холбоотой мэдээ