Г.Батхүүгийн амь хохирсон хэргийг ОУПХ-нд уламжлахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-27 13:57:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаанаар, "УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой" гэх мэдэгдэл гаргажээ. Мөн Г.Батхүү, С.Зоригийн амь хохирсон хэргүүдийг шалгахад олон улсын мэргэжлийн байгууллагын дэмжлэг авах талаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-нд уламжлахыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас хүсэж, бичиг хүргүүлэв.


Мэдэгдэл болон хүсэлтийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав.


Тэрбээр, "2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргаж буй зэрэг олон хууль бус үйлдэлд хариуцлага огт ярихгүй, хуульгүй мэт асуудалд хандсаар байгаа нь Ардчилсан Үндсэн хуулийн “хууль дээдлэх төрийн ажлын үндсэн зарчим” зөрчигдсөн байна. Мөн судалгааны байгууллагууд УИХ тарах эсэх талаарх асуумжаар судалгаа хийхэд, иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариулт өгсөн байна. УИХ-ын ажлыг үнэлэх иргэдийн үнэлгээг 1-10 оноогоор үнэлэхэд, 2016 оны наймдугаар сард 4.6 оноог иргэд өгч байсан бол 2018 оны 11 дүгээр сард 1.8 болтлоо буурсан байна" гэлээ. 


Тус мэдэгдэлд, "Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулдаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.


Түүнчлэн өнөөгийн УИХ-д хэт олонхыг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж хэлсэн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсэж байна” гэх алдарт эшлэл хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж мах, шатахууны үнэ, валютын ханшийн нэмэгдэл зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж  байна. Өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл.


Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээний асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэх гэмт үйлдэл, УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсөддөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг  ноцтой зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн УИХ нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ.


Иймд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн байр сууриа дахин нотолж байна" хэмээн мэдэгджээ.


Харин УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгаланд хүргүүлсэн бичигт,  Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, хэргийн нотлох баримт, хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн олон нийтэд хандсан мэдэгдлээс үзэхэд, өнөөдрийн байдлаар, Г.Батхүү агсан гадны нөлөөгөөр өндрөөс унаж амь хохирсон нь тодорхой болж байна. 


Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Засгийн газрын ордонд амь насаа алдаад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад, Хууль хяналтын байгууллага тухайн хэргийг мөрдөж байна гэхээс өөр мэдээлэл албан ёсоор өгөөгүй байна. 


Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргаан дагуулсан хэвээр байна. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. 


Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагын ажилд ашиглах, хөндлөнгөөс хянуулах шаардлагатай. Тиймээс эл хэргүүдийг илрүүлэхэд, ОУПХ-оор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа, дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна. 


Энэ сарын 27-28-ны өдөр Улаанбаатар хотноо ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган болж байгаа тул уг асуудлыг тус холбоонд албан ёсоор танилцуулах, нааштай шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байна.


Иймд Таныг УИХ дахь Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргын хувьд, дээрх асуудлаар ОУПХ-нд цаг алдалгүй хандаж, асуудлыг нэн яаралтай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс хүсэж байна" гэжээ.

Холбоотой мэдээ