Ховд их сургуулийн 40 жилийн ой ирэх есдүгээр сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-20 20:33:37

Ховд /МОНЦАМЭ/  Баруун бүсийн ууган их сургууль болох төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой энэ оны есдүгээр сард болно. Тус сургуулийн хамт олны зүгээс Ховд их сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчдийг энэ оны 09 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд болох сургуулийнхаа 40 жилийн ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урив. 

Ховд их сургууль нь анх 1979 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор Ховд дахь Багшийн дээд сургууль нэртэйгээр, байгалийн болон нийгмийн ухаан гэсэн хоёр тэнхимтэй, 13 багш, 12 ажилтан,  113 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Тэгвэл өдгөө 2 бүрэлдэхүүн сургууль, нэг салбар сургуультай, 260 гаруй эрдэмтэн багш, ажилтан, 3000 гаруй оюутан суралцагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургууль 1982 онд математик, физик, хими, биологи, орос хэл, монгол хэл,сурган, газар зүй гэсэн 8 танхим бүхий 2 факультеттэй болж, улмаар 1993 онд МУИС-ийн салбар сургууль болгох шийдвэр гарган 11 чиглэлээр сургалт явуулж эхэлсэн. Зөвхөн багшлах боловсон хүчин бэлтгэж байсан Ховд их сургууль нь 1998 оноос эхлэн багш бус мэргэжлийн ангиудыг нээж, жил бүр сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд  тус сургууль нь  9400 гаруй бакалавр, 1300 гаруй магистер зэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэн төгсгөж, баруун бүсийн төдийгүй Монгол Улсын боловсролын салбарт бодит хувь нэмэр оруулж байгаа ба оюутан суралцагчид бүсийн хэмжээнд сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлж байгаа тухай сургуулийн хамт олон бахархан ярилаа.

Чанартай боловсрол хөгжлийн үндэс уриатай “Ховд их сургууль” нь 2004 онд БСШСЯ-ны сайдын 2009 тоот тушаалаар төрийн өмчийн бие даасан сургууль болж, 2010 онд Баян-өлгий аймгийн Багшийн коллежийг өөрийн салбар сургуулиа болгон, 2016 онд математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Лицей ахдах сургууль”-ийг дэргэдээ байгуулсан байдаг.

                                                                                                                           Н.Лхагва


Холбоотой мэдээ