УИХ-ын гишүүдийг орлогоо нотлохыг шаардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-12 13:50:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотло” хөдөлгөөн өрнүүлж байна.

Энэ талаар өнөөдөр тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга, “Хөдөлгөөний хүрээнд эхний ээлжинд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. Ж.Мөнхбат гишүүн хоёр тэрбум төгрөгийн орон сууц авсан тухайгаа мэдээлсэн. Тэрбээр хуучин байраа зарж 750 сая, эхнэрийнхээ компанийн тоног төхөөрөмжийг борлуулж, 350 сая төгрөг, Чингис хаан банкнаас 150 мянган ам.долла зээлсэн баримтаа мөн үзүүлсэн. Энэ бүхэн нь нийлээд 1.5 тэрбум орчим болж байна. Тэгэхээр үлдсэн 500 сая төгрөгийг хэрхэн олсноо нотлохыг шаардаж байна. Мөн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. С.Эрдэнэ гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас өөр компанийн хувьцаа эзэмшдэггүй гэсэн байна. Гэтэл С.Эрдэнэ гишүүний нэр “Гурван тамир сургууль”, “Тамир групп” гэх мэт олон компанитой холбогдож байгаа тул өөрийн орлогоо нотлох хэрэгтэй. Цаашлаад УИХ-ын бүх гишүүнийг орлогоо нотлохыг шаардах юм” гэлээ. 

Холбоотой мэдээ