Төмөр замаар 8.5 сая тонн ачаа тээвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-10 10:14:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ оны эхний улиралд 8.5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.


Энэ нь өмнөх улирлынхаас 27.6 (0.3 хувь) мянга, өмнө оны мөн үеийнхээс 420 (5.2 хувь) мянган тонноор нэмэгджээ. Үүнд импортын ачаа 265 (33.2 хувь) мянга, дамжин өнгөрөх ачаа 149 (13.3 хувь) мянга, дотоодод тээсэн ачаа 155.3 (4.7 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Төмөр замаар тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд хар төмөр 15.5 (49.1 хувь) мянга, уул уурхайн бүтээгдэхүүн 11.6 (0.2 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 20.6 (33 хувь) мянга, мод, модон материал 5.8 (31.1 хувь) мянга, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 10.8 (22.1 хувь) мянга, түргэн муудах бүтээгдэхүүн 0.5 (86.3 хувь) мянга, үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл 0.6 (14 хувь) мянга, барилгын материал 15.9 (6.9 хувь) мянган тонноор багасжээ.


Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний улиралд 302.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 54.3 (21.9 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 3.8 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд жонш, жоншны баяжмал, төмрийн хүдэр, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт өссөн нь нөлөөлжээ. Төмөр замаар дээрх улиралд 452.8 (давхардсан тоогоор) мянган зорчигч тээвэрлэсэн бөгөөд өмнөх улирлынхаас 38.2 (7.8 хувь) мянган зорчигчоор багассан аж.

 

関連ニュース