ОРХОН: Хаврын мод тарилтаар 12 байршилд 43,7 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-08 14:07:43
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/ Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна.


Өдөрлөгийг “Хүн бүр байгалиа хамгаалъя” уриан дор тэмдэглэж мод, бут, сөөгний үзэсгэлэн худалдааг А.Амарын талбайд гаргаж байна.


Орхон аймаг сүүлийн хоёр жилд 3,3 сая  мод тарьж ургалтын дундаж  85 хувьд хүрчээ. Энэ хэрээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 4,5 м.кв-аас 8,7м.кв болж нэмэгдсэн байна.


Өдөрлөгт Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулж буй томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд мөн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, нөхөрлөлүүд оролцож байна. 


“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Ногоон Эрдэнэт хөтөлбөр”-ийн хүрээнд Орхон аймаг 2030 он хүртэл  газар нутгийнхаа гурван хувьтай тэнцэх хэмжээний газарт 10 сая ширхэг мод тарьж ойн зурвас, ойн төгөл, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийнэ.


Энэ жилийн хаврын мод тарилтаар 12 байршилд 43,7 мянган мод тарихаар төлөвлөж байна. 

関連ニュース