ДУНДГОВЬ: “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааны тамирчид Сайнцагаан суманд буудаллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-06 10:47:32
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 6/МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг зохион байгуулах Оросын талын төлөөлөл Дундговь аймагт ирж, тавдугаар сарын 2-нд аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.


40 гаруй орны тамирчид, 350 гаруй техник хэрэгсэл, 1000 гаруй төлөөлөл оролцдог “Торгоны зам” автомашины ралли уралдааныг 2009 оноос эхлэн зохион байгуулсан ба энэ жил 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй. 2024 онд зохион байгуулах уралдаан баруун аймгийн нутгаар дамжин 7 дугаар сарын 14-нд Өвөрхангай аймгаас хөдөлж, Сайнцагаан суманд бариа хийн, 15-ны өдөр тус аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумын нутгаар дайран өнгөрөх юм.


Уралдаанд 100 гаруй авто техник, 300 гаруй хүн, 4 нисдэг тэрэг ирэх төлөвлөгөөтэй байгааг уралдаан зохион байгуулах төслийн багийн орлогч дарга Соколов Виктор Владимирович уулзалтын үеэр танилцуулж, орон нутгаас тамирчид буудаллах лагерь стадион бэлтгэх, аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг хүсжээ.



Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын энэ уралдааныг бүрэн дэмжиж, орон нутгаас хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд уралдааны маршрутын дагуух малчид, мал амьтны аюулгүй байдалд анхаарч, хоёр талаас ажлын баг байгуулан ажиллахыг санал болгожээ.




Ташрамд, 2019 оны “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаан 7  дугаар сарын 11-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Дэрэн, Сайнцагаан сумын нутгаар дайран тэр оройгоо аймгийн төвд буудаллаж байсан бөгөөд уралдаанд 34 орны тамрчид 20 гаруй мотоцикл, 60 орчим автомашинтай оролцсон байна. Энэ уралдаанд Монгол Улсын 15 тамирчин оролцож байжээ. 



関連ニュース