“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Прага хотноо гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-25 09:37:37

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал, профессор Михайл Лукош нар хоёр музей хамтран ажиллах гэрээг энэ сарын 24-ний өдөр байгууллаа.


Тус гэрээний хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” хамтарсан үзэсгэлэнг Прага хотноо 2025 оны 3 дугаар сарын эхээр нээх юм. Үзэсгэлэнд Монголоос Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн оролцоно. Мөн 200 гаруй жилийн түүхтэй тус музейн харьяа Азийн урлагийн музей Напрестикийн музейн сан хөмрөгт буй Монголтой холбоотой баялаг цуглуулгаас “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть бүтээх төслийн хүрээнд “Чех дэх Монгол өв” номыг хамтран хийхэд оролцох бөгөөд 2025 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Чингис хаан Үндэсний музейн ажилтнуудыг музейн мэргэжил арга зүй, онол-практикийн сургалтад хамруулах, урт богино хугацаагаар сургах ажлыг эхлүүлэхээр тогтсон байна.


Ирэх оны наймдугаар сар хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголыг сурталчилсан урлаг соёлын үйл ажиллагаа, хүүхдийн музейн боловсролын хөтөлбөрүүд, мерчендайзын бүтээгдэхүүн зэргийг хэрэгжүүлэх юм. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх оролцов.


“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн БНФУ-ын Бреттанийн Гүнгийн ордон дахь Нантын түүхийн музейд 2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл гарч байна. Тус үзэсгэлэнд Франц, Европын томоохон музей, цуглуулга, Монголын үндэсний сан хөмрөг, үнэт өвийг толилуулж буй юм.


関連ニュース