ХӨВСГӨЛ: Органик бүтээгдэхүүний батламжийг 20 гаруй бүтээгдэхүүн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-23 16:04:49

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн бодлого шийдвэрийг таниулан сурталчлах, бизнес эрхлэгч нарыг мэдээ мэдээллээр хангах зорилтын хүрээнд “Хөвсгөл органик” бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна.




Тус зөвлөгөөнд 23 сум нэг тосгоны нийт 400 гаруй бизнес эрхлэгчид оролцож мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлаа ярилцаж, санал бодлоо илэрхийлж байна.




Хөвсгөл нутгийн малчдын хувьд байгалийн унаган төрхөө хадгалсан ус, бэлчээрт, уламжлалт аргаар малласан мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Энэ нь органик бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах боломж бүрдэж байгааг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг онцолж байлаа.

Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган гэсэн 6 сум эрүүл бүсэд орсон бол цаашид бүх сумыг эрүүл бүс болох зорилт тавин ажиллаж байгаа юм. 

 

 

Өнөөдрийн байдлаар тус аймагт органик бүтээгдэхүүний батламжийг Хөх сувд жимс жимсгэнэ,  Шишгэд цай, Дархад цай, Байгалийн нэрс,  Аньс, Цөцгий, Төхийн хужир  зэрэг 20 гаруй  бүтээгдэхүүнийг баталгаажуулсан.




Цаашид органик бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан зах зээлд борлуулах, аялал жуулчлалаар ирж буй иргэдэд сурталчлан таниулах зорилт дэвшүүлэн ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр хэллээ.

 

 

関連ニュース