“Интер” баг 20 дахь удаагаа Италийн аваргаар шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-23 10:42:33

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /РИА Новости/. Милан хотын хоёр багийн хооронд болсон тоглолтод “Интер” хожсоноор таван тойргийн тоглолт үлдээд буй үед Италийн Сери А лигийн аваргын болзлыг урьдчилан хангалаа. Ингэснээр тус клуб түүхэндээ 20 дахь удаагаа аваргаар шалгарч байна.


Даваа гарагт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болсон 31 дүгээр тойргийн тоглолт 2:1 харьцаагаар зочин баг болох “Интер”-ийн ялалтаар өндөрлөлөө. Тус багийн Франческо Ачерби 18 дахь минутанд, Маркус Тюрам 49 дэх минутанд тус тус оруулсан бол хариу гоолыг “Милан”-ы Фикайо Томори 90 дэх минутанд хийв.


Тоглолтын төгсгөлд хоёр багийн хөлбөмбөгчид хэдэнтээ гар зөрүүлж, “Милан”-ы Тео Эрнандес (90+2), Давид Калабрия (90+7) нар талбайгаас хөөгдсөн бол “Интер”-ийн Дензел Дюмфрис (90+2) мөн улаан хуудас авчээ.  


Италийн аварга шалгаруулах тэмцээн дуусахад 5 тойрог дутуу байгаа энэ үед 86 оноотой болсон “Интер” баг хоёрдугаарт яваа “Милан”-аас даруй 17 оноогоор хол тасарч, түүхэндээ 20 дахь удаагаа аваргалах нь нэгэнт тодорхой боллоо. Мөн нийт түрүүлсэн тоогоор “Милан”-ыг /19/ гүйцэж, Италийн хөл бөмбөгийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх боллоо. Хамгийн олон удаа аваргалсан баг бол Сери А-д 36 удаа түрүүлсэн Турины “Ювентус” юм.


“Интер” клубийг Симоне Инзаги 2021 оноос хойш дасгалжуулж байгаа бөгөөд түүний удирдлага дор интерчүүд хоёр удаа Италийн цомыг, гурван удаа Супер цомыг хүртэж, Аваргуудын лигийн финалд /2022/23/ шалгарч байв.


Инзаги Ромын “Лацио” багийн тоглогч байхдаа 2000 онд Сери А лигийн цомыг өргөж байсан бол энэ удаад дасгалжуулагчийн хувиар скудетто-г хүртлээ. 

関連ニュース