ХӨВСГӨЛ: Өндөр хурдны интернэтийн шилэн кабелийн сүлжээнд 22 сум, 1 тосгон холбогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-22 12:45:15

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг Хөвсгөл аймагт эхэллээ.




Өдөрлөгийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар төр, хувийн хэвшлийн хамтарсан байгууллагууд аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ зөвлөмж, мэдээллийг өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлог юм.


Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулж байна.

 

Төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, цахим үндэстэн болох ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэхэд уг өдөрлөгийн ач холбогдол оршиж байна.




Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгонд өндөр хурдны интернэтийн 1480 км шилэн кабелийн сүлжээ нэвтэрсэн ба нийт хүн амын 95, 8 хувь нь интернэтийн сүлжээнд холбогдсон.


Тус аймаг 129 багтайгаас, 4G сүлжээнд 25 баг, 3G сүлжээнд 82 баг холбогдож, үүрэн холбооны хөдөлгөөнт сүлжээнд холбогдоогүй 18 баг үлдсэн байна.


Аймгийн хэмжээнд үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчийн тоо 176 954 интернэт хэрэглэгч 106 700 бөгөөд орон нутгийн 2 телевиз, 1 сайт, 1 сонин, 1 FM радио, үүрэн телефоны 4 компани үйлчилгээ үзүүлж байна.


Цахилгаан холбооны гуравласан үйлчилгээг Цагаан уул, Тариалан, Тосонцэнгэл сум, Хатгал тосгонд нэвтрүүлсэн зэргийг аймгийн Засаг дарга П.Лхагважав онцоллоо.

 

 

関連ニュース