“Төмөр уушгитай хүн” гэгддэг П.Александр таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-14 12:26:29

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 14 /AFP/. “Төмөр уушгитай хүн” гэгддэг Пол Александр 78 насандаа таалал төгссөн тухай түүний ар гэрийнхэн лхагва гарагт мэдээлжээ.


АНУ-ын Техас муж улсын Даллас хотын оршин суугч П.Александр зургаан настайдаа халдварт саа өвчнөөр өвчилж, хүзүүнээс дооших бие нь саажилттай болж, амьсгалын аппаратны тусламжтайгаар амьсгалдаг байсан юм. Хэдийгээр шумбагч онгоц шиг цилиндр дотор байдаг байсан ч тэрбээр сурлага сайтай нэгэн байсан бөгөөд хуулийн зэрэг хамгаалан хуулийн салбарт ажиллаж, ном бичиж байв.  


“Ах минь өнгөрсөн шөнө нас барсан тухай харамсалтай мэдээг дуулгаж байна. Олны хүндлэлийг хүлээсэн түүний амьдралын нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг байлаа” гэж түүний дүү Филипп Александр лхагва гарагт “Фэйсбүүк хуудсандаа бичжээ. Түүний түүх дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст эергээр нөлөөлсөн. Пол бол гайхалтай үлгэр дуурайлал үзүүлсэн нэгэн байсан бөгөөд цаашид ч мөн дурсагдсаар байх болно гэж П.Александрт зориулан хандив цуглуулах аяныг зохион байгуулагч Кристофер Ульмер мэдэгдсэн байна.


Саяхан П.Александрын албан ёсны ТикТок хуудсанд түүнийг “Ковид-19-ийн халдвар авсны дараа яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн талаар мэдээлээд байжээ. Тэрбээр 1920-иод онд зохион бүтээгдсэн уушги орлуулагч аппаратыг хэрэглэгдэг байсан ба 1955 онд Йонас Салк халдварт сааны эсрэг вакциныг зохион бүтээсний дараа уг аппаратын хэрэглээ багасаж, саа өвчнийг түүхийн хуудаснаа үлдээхэд тусалсан байна. П.Александр уг уушгийг хэрэглэсэн хугацаагаараа Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн юм. Одоо Оклахома муж улсын Шоуни хотын 75 настай оршин суугч Марта Лиллард төмөр уушгийг хэрэглэдэг цорын ганц хүн болжээ.

関連ニュース