Хууль бусаар хил дамнуулан худалдсан 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-02-20 08:25:05

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах ажлыг Монгол Улсын Соёлын яамнаас үе шаттай хэрэгжүүлж байна.


Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг  2013, 2015, 2017, 2020 онд хүлээн авсан бөгөөд энэ удаа 6 төрлийн үлэг гүрвэлийн олдворыг Байгалийн түүхийн музей өчигдөр хүлээн авлаа. 


Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж ирсэн.

Дээрх олдворуудыг Соёлын сайдын 2024 оны А/22 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын баг хүлээн авч, Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт түр хадгалж, цаашид ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, музейн судлаачид хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулах юм.







関連ニュース