Эрмитажаас Монголын олдворуудыг буцаан авах талаар хэлэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-11-24 17:45:53

САНКТ-ПЕТЕРБУРГ, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /TASS/. Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин Санкт-Петербург хотноо ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимоватай уулзах үеэрээ Эрмитажид хадгалагдаж буй, Зөвлөлтийн археологичдын олж илрүүлсэн Монголын түүхийн олдворуудыг буцаан шилжүүлэх боломжийг хэлэлцжээ. Энэ тухай Оросын Соёлын яамны хэвлэлийн алба мэдээллээ. 


Тодруулбал, 1924-1925 онд Ноён уулын булшнаас Зөвлөлтийн археологич Петр Козловоор ахлуулсан судалгааны багийн олсон түүхийн олдворуудыг буцаан өгөх асуудлыг хэлэлцжээ.


Оросын Соёлын яамнаас мэдээлснээр, “Монгол Улсын соёлын өв” төрийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд буй тус улсын түүх, соёлын өвийн дурсгалын хуулбарыг эрж хайх ажил үргэлжилж байгаа ажээ. Энэ хөтөлбөрт Орос улсын музейнүүдэд хадгалагдаж буй Монголын түүхийн олон олдвор, баримт бичгүүд онцгой байр суурь эзэлж байгаа юм. “Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Соёлын сайд нар Эрмитажид хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг эх нутагт нь буцаан авчрах, Монголын музейд дэлгэн үзүүлэх, хадгалагдан үлдсэн үзмэрүүдийн хуулбарыг хүлээж авах талаар  ярилцлаа” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна. 


Зөвлөлтийн эрдэмтэн Петр Козловын ахалсан экспедиц 1924-1925 онд Монголын хойд хэсэгт орших Ноён ууланд хиргисүүрийн малтлага хийсэн нь XX зууны эхний хагасын үед хамаарах археологийн хамгийн чухал олдворуудын нэгд тооцогддог. ЗХУ-ын эрдэмтэд хээрийн судалгааны явцад Хүннүгийн үеийн хэдэн мянган ширхэг хосгүй олдворыг илрүүлжээ. Эдгээр олдворын ихэнх нь Эрмитаж музейн Дорно дахины сан хөмрөгт, зарим хэсэг нь Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.







関連ニュース