Ц.Галбадрах: “Хү” хамтлаг Монголдоо бүрэн хэмжээний тоглолт хийх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-07 15:07:32

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд болов.


Чуулганаар “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт”, “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр Монгол Улс, тэр дундаа морин хуур хөгжмийг олон улсад сурталчилж яваа “The Hu” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах ийнхүү ярилаа.


Тэрбээр “Монгол орны өнцөг булан бүрээс гурван үеийн морин хуурчид чуулж байгаад үнэхээр их баярлаж байна. Хэдэн мянган жилийн өмнөөс өвлөгдөж ирсэн, монголчуудын бахархал болсон хуур хөгжим маань түгэн дэлгэрсээр байна. Дэлхий дахинд морин хуур хөгжмөө сурталчлан таниулахад чухал үйл явдал болж байна гэж үзэж байна. 2002 онд морин хуураа дээдлэх зарлиг гарч байв. Түүнээс хойш 22 жилийн дараа дахин зарлиг гарлаа. Энэ нь айл бүр морин хуурч бэлтгэж, өвлөн уламжлуулахад чухал ач холбогдолтой юм.


Морин хуур хөгжим маань шинэ үетэйгээ хөл нийлүүлэн хэлбэр хийц, хөг аялгаараа хөгжсөөр байна. Морин хуур хөгжим маань цаг хугацаа өнгөрөх тусам түгэн дэлгэрч байгаад баяртай явна. Манай хамтлаг саяхан Австралид томоохон фестивальд оролцоод ирлээ. Одоо эх орондоо шинэ уран бүтээлүүд гаргахаар ажиллаж байна. Намраас Европ болон Хойд Америкаар аялан тоглолт хийнэ. Харин тохироо нь сайхан бүрдсэн цагт Монголдоо бүрэн хэмжээний тоглолт хийх болно” гэв.













Related news