“Формула-1”-ийн зургаа дахь гараа Майамид эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-03 16:56:29

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 3 /TASS/. "Формула-1" ангиллын авто уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь гараа Майамид эхэлж байна. Энэ нь спринт уралдааны төрөлд ДАШТ-ий хоёр гараа болох юм. 


Энэ онд нийтдээ зургаан ийм Гран При болно. Амралтын өдрүүдэд болох спринт уралдааныг зохион байгуулах хэлбэр бага зэрэг өөрчлөгджээ. Өнөөдөр спринт уралдааны шалгаруулалт явагдах бол бямба гарагт эхлээд 100 км-ийн уралдаан болсны дараа ням гарагт үндсэн уралдааны шалгаруулалт болно. Спринтэд оноо олгох тогтолцоо хэвээр байгаа бөгөөд эхний найман нисгэгчид оноо олгох ба түрүүлсэн нисгэгч найман оноо, наймдугаар байр эзэлсэн нь нэг оноо авна.


Энэ улирлын уралдааныг “Ред Булл” баг тэргүүлж байна. Дэлхийн гурван удаагийн аварга Макс Ферстаппен таван уралдааны дөрөвт түрүүлж, онооны дүнгээр итгэлтэйгээр тэргүүлж байгаа бол түүний багийн хамтрагч мексик нисгэгч Серхио Перез хоёрдугаарт бичигдэж байна. 


Майамигийн Гран При 2022 оноос “Формула 1”-ийн хуанлид оржээ. Уг уралдааны зам нь 5.41 км урт бөгөөд 19 эргэлт, гурван шулуун, гурван DRS бүстэй. Майамид болсон өмнөх хоёр уралдаанд М.Ферстаппен түрүүлсэн юм. Энэ улиралд АНУ-д болох гурван гарааны эхнийх нь Майамигийн Гран При бөгөөд 10 дугаар сард Остинд (Техас), 11 дугаар сард Лас-Вегаст (Невада) болно.


Related news