Ли Чян: Хятадын зах зээл гадаадын компаниудад үргэлж нээлттэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-29 09:48:23

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /Xinhua/. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай Бээжин хотноо ням гарагт уулзаж, Хятадын зах зээл гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад үргэлж нээлттэй байх болно гэдгийг мэдэгджээ.


Ли Чян Хятад дахь Тесла”-гийн үйлдвэрийг Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны амжилттай жишээ хэмээн тодорхойлоод, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны язгуур ашиг сонирхол, түүнчлэн хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэлд нийцэж байгааг нотлон харуулж байна гэв.


Хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдамжийг дагаж, хоёр талын харилцааны тогтвортой хөгжлийг ахиулахын тулд АНУ Хятадтай илүү их хамтран ажиллана гэдэгт найдаж байна, энэ нь хоёр орны ард түмэнд төдийгүй дэлхийн ард түмэнд илүү их үр өгөөжөө өгнө гэж Ли Чян хэллээ.


Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бол Хятадын хөгжилд заавал байх ёстой оролцогч, хувь нэмэр оруулагч гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, Хятадын өргөн уудам зах зээл тэдэнд үргэлж нээлттэй байх болно гэв.


Хятад улс хэлсэн үгнийхээ дагуу ажиллаж, зах зээлд нэвтрэх, үйлчилгээгээ сайжруулах зэрэг хүчин чармайлтаа эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, гадаадын аж ахуйн нэгжүүдэд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэх болно гэж тэрбээр нэмж хэлжээ.


Хариуд нь И.Маск хэлэхдээ, “Шанхай хот дахь Тесла”-гийн гига-үйлдвэр бол манай компанийн хамгийн ашигтай үйлдвэр бөгөөд үүнд Хятадын багийн хичээл зүтгэл ихээхэн нөлөөтэй гэв. Мөн “Тесла” харилцан ашигтай байдлаа ахиулахын тулд Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байна гэж хэлжээ. 



Related news