Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-04-24 15:54:39

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /TASS/. Дөрөвдүгээр сарын эхээр Сарны Шиоли тогоонд нар жаргахтай зэрэгцэн дахин унтаа горимд орсон Японы “SLIM” буугч төхөөрөмж Сарны гурав дахь шөнийг “тэсэж” өнгөрүүлсэн тухай тус улсын сансар судлалын агентлаг (JAXA) мэдээлэв.


JAXA-гийн мэргэжилтнүүд уг төхөөрөмжтэй дөрөвдүгээр сарын 23-ны орой холбоо тогтоож чадсан ба SLIM Сарны гадаргуугийн зургийг дамжуулсан байна. "SLIM нь Сарны шөнийг тэсвэрлэхэд зориулагдаагүй боловч гурван шөнө өнгөрсний дараа ч гол функцүүд нь ажилласан хэвээр байна" гэж JAXA-гийн мэдэгдэлд дурджээ.


Саран дээр буугч Японы анхны төхөөрөмж болох “SLIM”-ийг нэгдүгээр сарын 20-нд Сарны гадаргуу дээр амжилттай газардуулсан боловч нарны зайн хавтангууд нь эрчим хүч үйлдвэрлэхгүй байсан тул унтраасан юм. Харин Саран дээр Нарны гэрэл тусах өнцөг өөрчлөгдсөний дараа төхөөрөмжийн ажиллагааг нэгдүгээр сарын 29-нд сэргээж, спектроскопийн тусгай камер ашиглан ойр орчмынх нь зургийг авчээ.


Хоёрдугаар сарын 1-нд Сарны шөнө эхэлсэн тул төхөөрөмжийг унтраасан бөгөөд хоёрдугаар сарын 26-нд дахин асаасны дараа JAXA-гийн мэргэжилтнүүд төхөөрөмжид дохио дамжуулж, хариу хүлээн авч чаджээ. Ингээд гуравдугаар сарын 1-нд дахин унтраасан байна. Саран дээр хоёр дахь шөнийг өнгөрүүлсний дараа гуравдугаар сарын 28-нд дахин холбоо тогтоосон бол дөрөвдүгээр сарын 1-нд унтаа горимд шилжүүлжээ.


2.4 м өндөр, 200 кг жинтэй уг аппарат нүүр царай таних системд ашигладагтай ижил технологийн тусламжтайгаар Сарны тогоо, гадаргууг судлах юм. Мөн Сарны гадаргуугийн чулуулаг дахь төмөр болон бусад элементүүдийн агууламжийг хэмжих тусгай камераар тоноглогджээ. Төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээллийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ Сар руу хүн илгээх “Artemis” хөтөлбөрт ашиглах аж.



Related news