Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-23 11:04:09

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганыг даргалж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатиматай энэ сарын 22-нд Бангкок хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахын төлөө Дээд төлөөлөгчийн газар идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглээд, Монгол Улсын санаачилгаар Улаанбаатар хотноо байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлсэн юм.


Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, ДГХБО-ын эрх ашгийг хамгаалахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж байгаад Дээд төлөөлөгч Р.Фатима талархал илэрхийлээд, манай улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. ДГХБО-ын бүлгийн дэд даргаар ажиллаж буй Монгол Улс тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Бэлтгэл хороог хамтран даргалж, өндөр түвшний эл хурлын бэлтгэлийг хангахад идэвхтэй оролцож байна.

Related news