Эрчим хүчний хомсдолын улмаас Эквадорт онц байдал зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-20 10:44:29

МЕХИКО, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /ТАСС/. Эрчим хүчний хямрал нүүрлэсэн тул улс оронд 60 хоногийн хугацаагаар онц байдал тогтоох тухай зарлигт Эквадор улсын Ерөнхийлөгч Даниэль Нобоа гарын үсэг зуржээ.   


“Эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдэх, ойрын үед цахилгаан эрчим хүчний хангамжийг найдвартай болгохын тулд цаг хугацаа шаардлагатай байгаа тул энэхүү арга хэмжээг авч байна” гэж зарлигт дурджээ.


Түүнчлэн эрчим хүчний дэд бүтцийн чухал объектуудыг “хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага болон бусад аюулаас хамгаалахын тулд цагдаагийн хүч ба зэвсэгт хүчнийг дайчилж байна.


Урьд өмнө үзэгдээгүй хүчтэй ган гачгаас үүдэн улс орон даяар УЦС-ууд зогсож, хөрш Колумб улсаас цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжгүй болсны улмаас Эквадор улс эрчим хүчний ноцтой хямралд нэрвэгджээ. Иймээс өдөрт ердөө 8 цагийн хугацаанд хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлж байна.  


Саяхан Засгийн газраас Ерөнхий прокурорын газарт хандаж, Эрчим хүч, уул уурхайн яамны 22 өндөр албан тушаалтныг шалгахыг шаарджээ. Эрчим хүчний салбарт үүссэн бодит байдлын талаарх мэдээллийг тэд санаатайгаар нуун дарагдуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бөгөөд үүний улмаас хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад цаг алдсан хэмээн үзжээ.

 

Related news