ГОВЬ-АЛТАЙ: Сувилахуйн ур чадварын улсын уралдаан Алтай хотноо болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-15 16:23:52

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сувилахуйн ур чадварын улсын III уралдааныг Алтай хотноо дөрөвдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж, улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнууд оролцлоо.


Уралдаанд нийт 10 багийн 40 оюутан ур чадвараараа өрсөлдөж, багийн дүнгээр Говь-Алтай аймаг дахь АУС-ийн хамт олон тэргүүн байр эзэлсэн юм.


Улсын III уралдаанд Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийн багш Боловсролын ухааны магистр, зөвлөх зэргийн сувилагч, клиникийн профессор М.Отгон багшаар удирдуулсан баг, олон улсын Улаанбаатар их сургуулийн сувилахуйн багш А.Амаржаргал, Сувилахуйн багш сувилахуйн магистр Б.Лхагваэмгэн  багш нараар удирдуулсан хоёр баг, Говь-Алтай Анагаах ухааны сургуулийн Н.Түмэндэмбэрэл багшаар удирдуулсан Буяннэмэх ахлагчтай баг оролцжээ.


Тус уралдааныг жил бүр Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд шүүгчдээр Монголын сувилагчдын нийгэмлэгийн дэд тэргүүн Сувилахуйн ухааны доктор Б.Дэлгэрсүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын сувилахуй хөнгөвчлөх тусламж үйлчилгээ  хариуцсан мэргэжилтэн Сувилахуйн ухааны докторант Д.Оюун-Эрдэнэ тэргүүтэй мэргэжлийн холбогдох албаны төлөөллүүд ажиллалаа.


Энэхүү уралдааныг зохион байгуулснаар сувилагч мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиуд харилцан туршлага солилцож, оюутнуудынхаа түвшнийг сорих мөн оюутнуудын ур чадварыг сайжруулах, онол, дадлагын уялдаа холбоог хангах чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа. 

Related news