ДОРНОД: Мэнэнгийн талд уруудаж очсон 50 мянган адууг бүртгэлжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-12 11:04:37

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Халх гол, Матад сумын нутагт уруудаж очсон 50 гаруй мянган адууг бүртгэлжүүлж таниулах ажил үргэлжилж байна.


Энэ өвлийн цасан шуурганаар Дорнод аймгийн сумд болон Хэнтий, Сүхбаатар аймгаас 30 гаруй мянган мал уруудаж, Хонгорын овоо, Мэнэнгийн тал газарт өвөлжсөн юм. Малын хулгай, хольж солих зэрэг асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газраас хяналт тавьж, Отрын штабууд уруудаж ирсэн малыг эздэд нь таниулах, бүртгэлжүүлэх ажлыг хийж байна. Тодруулбал, 50 гаруй мянган адууг бүртгэлжүүлэн малын эрэлд явж буй иргэдээс “Иргэний үүргийн баталгаа” гаргуулан авч, тухайн нутгийн малчдад малаа хариулгатай байлгах, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулан ажиллаж байна гэж Цагдаагийн газраас мэдээлэв. Энэ талаарх мэдээллийг 8066-3102 тусгай дугаарын утсаар хүлээн авч байна.

 

Related news