Д.Уранчимэг: Хаягдлыг овоолж орхивол хог, ангилан ялгавал мөнгө гэдгийг иргэн бүр ойлгох хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-12 11:16:43

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Хонгор дуулим” ХХК-ийн захирал Д.Уранчимэгтэй ярилцлаа.


-Хог хаягдлыг ангилан ялгах нь хэр чухал болох талаар яриагаа эхэлье.

-Миний хувьд дунд ангид байхаасаа эхлээд хогийг ангилан ялгаж хэвшсэн. Харин тэр үед хог хаягдал одоогийнхоос харьцангуй бага, мөн хуванцар савны хэрэглээ ч ховор байсан. Тэр үед гудамжаар шил авна, шил авна гээд шуудай үүрсэн хүмүүс нэлээд явдаг байлаа. Тэдгээр хүмүүст шил сав өгөх, хажуугаар нь түлж болохоор цаас, модыг тусад нь ялгаж бэлтгэж байгаад өгчихдөг байсан. Тухайн үедээ тэр хүмүүст тусалж байна гэж боддог байсан бол одоо эргээд харахад хог хаягдлыг ангилж, мөнгө болгох дадал хэвшилд суралцаад байсан болж таарч байна. Их сургуулиа төгсөөд хувийн бизнестэй болъё гэж төлөвлөөд, нэлээд салбарыг судалж олон ажлыг бодож тунгаасны дараа нийгэмд ч, байгальд ч, өөрт ч хэрэгтэй байж болох салбарыг хог хаягдлын менежмент гэж олж харсан. Ингээд 2014 онд компаниа байгуулсан.

Манай компани эх дэлхийгээ хайрлаж хамгаалан, бүс нутгийнхаа байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад анхаарч хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалийн өөрчлөлтөд эерэг хувь нэмэр оруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Энэ хүрээнд ногоон эдийн засгийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх зорилгод үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.


-Үйл ажиллагаагаа хэрхэн эхлүүлж байв?

-Бид 2014 оны 6 дугаар сард анх үйл ажиллагаагаа эхлүүлж, цахим орчинд зар тавин хуванцар, лааз авч эхлүүлсэн. Анх эхлэхдээ тоног төхөөрөмжгүй байсан тул хашаандаа өнгө өнгөөр ангилж хурааж байсан. 2014 онд хуванцар 1 тн гаруй, лааз 2 тн орчим цуглуулж лаазаа Улаанбаатар хот руу ачуулж, дахин боловсруулах үйлдвэрт тушааж байсан. Ажил анх эхэлж байсан болохоор олон нийтэд хүртээмжгүй, эрчимтэй цуглуулагч зургаан хүн байсан. Одоо бид аймгийн төвд хоёрдогч түүхий эд авах хоёр цэг байгуулан байнгын ажилтан дөрөв, түр ажилтан гурван хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хуванцар, хатуу хуванцар, гялгар уут, цаасан хайрцаг, лааз, архи, шар айргийн шил зэргийг байнгын цуглуулагч 60 айл өрх байсан бол одоо 100 гаруй өрх болж өргөжөөд байгаа. Бид эдийн засгийн эргэлтэд орох эзлэхүүн ихтэй хог хаягдлыг  иргэдээс өдөр тутамд худалдан авч байгаа нь тэдний амьдрал ахуйд тодорхой хэмжээний дэмжлэг болдог. Мөн үйл ажиллагаа явуулах явцад гарсан гялгар уут, цаасан хайрцаг зэргийг цуглуулж тушааж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хүнсний дэлгүүр, хувь хүн 30 гаруй байгаа нь бидний ажилд дэмжлэг болж байгаа юм. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгаль  орчинд ээлтэй хандах хувь хүн, албан байгууллага олширч байгаа нь сайшаалтай.

Одоо бид байгаль орчинд хортой эзлэхүүн ихтэй  хуванцар, лааз, шил, гялгар уут, цаас, цаасан хайрцгийг ангилан ялган хүлээн авч, овор хэмжээг багасгаж эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Энэ   оноос   эхлэн   бид   аюултай  хог  хаягдалд  орох  зайг байгальд хаяхгүйгээр авч хадгалах ажлыг эхэлж байгаа. Орон нутгийн удирдлага, БОАЖГ-тай хамтран аюултай хог хаягдалд ачуулах төлөвлөгөөтэй байна.

 

-Орон нутгийн удирдлага гэж дурдлаа. Ингэхэд орон нутагтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна. Мөн Баянхонгор аймгийн тухайд орчны бохирдол, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр бусад аймагтай харьцуулахад хэр дэвшилттэй байдаг бол?

-Баянхонгор аймаг, сумын үе үеийн дарга удирдлагуудад хог хаягдалд анхаарах тал дээр олон удаа хүсэлт тавьдаг байлаа. 2018 онд Баянхонгор аймгийг "Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө"-тэй болгох хүсэлт өгч, 2021 онд төлөвлөгөө батлагдсан ч хуванцар болон дахивар хог хаягдалд ач холбогдол өгөөгүй батлагдсанд сэтгэл дундуур байдаг. Мөн дахивар хог хаягдал, хуванцар авах цэгтэй болох тал дээр дэмжлэг үзүүлнэ гээд 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар дахивар хог хаягдал авах цэгийн барилга баригдсан ч сургалтын байр, хуучин хувцас авдаг газар болсон нь төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зарцуулах, иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж биш нэр хүнд хөөцөлдөж зарцуулж байгаа нь байгаль орчинд ээлгүй үйлдэл болохыг харуулж байна. Гэтэл өнөөдөр бид хуванцар авдаг олонд танигдсан цэгээ буулгаж аймгаас гадагш нүүж байна. Иргэд 5, 10 кг хуванцар аваад аймгаас гарах хэцүү, гэтэл аймгийн төвд нь хуучин хувцас авдаг барилга байх жишээтэй байхаар бодлогын уялдаа холбоо сул байгааг харуулж байна.



-Хог хаягдал “эзэнтэй” болсон нь сайн хэрэг шүү. Сүүлийн жилүүдэд хийж буй ажлаасаа танилцуулахгүй юу?

-Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 10 жилийн хугацаанд эзлэхүүн ихтэй хог хаягдал 200 тонныг хүлээн авч, ангилан ялгаж Улаанбаатар хотод тушаасан байна. 2016 онд аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө “Хуванцар хог хаягдлыг ангилан ялгах ажлыг өргөжүүлж дэмжиж ажиллана” гэж тусгасан нь бидэнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгон бид хуванцар, лаазан дээрээ нэмэн архи, шар айргийн шил нэмж цуглуулах болсон.

2016 онд аймгийн Цагдаагийн газар, Баянхонгор сумын Хот тохижилтын газар зэрэг газартай хамтран баар, рестораны архи, шар айргийн шилийг манайд өгүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Хог тээврийн газартай хамтран хогоо ангилан ялгалт хийж хаяхыг уриалж байлаа. Эрчимтэй цуглуулагч 20 хүн болж нэмэгдсэн, мөн иргэд сайн дураараа тушаадаг болсон. 2018 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж 4 дүгээр багийн Баянхошуу хүнсний дэлгүүрт хуванцар, лааз, шил цуглуулах цэг нэмсэн. Иргэд идэвхтэй цуглуулж хогийн цэгт хаягдал болон очих хуванцар багассан байлаа. Мөн бид 2020 онд БОАЖЯ-наас зохион байгуулсан “Хоггүй Монгол” аяны хүрээнд “Хуванцар хог хаягдлыг ангилан ялгах” сэдэвт уралдаанд аймгуудаас шалгарч хангайн бүсдээ тэргүүн байр эзэлсэн.

 

-Хаягдлыг ангилан ялгах, хог биш мөнгө болгох тухайд иргэдийн хандлага ямар түвшинд байна вэ?

-Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж нийгмийн хариуцлагийн хүрээнд хог хаягдлаа ангилан өгч хэвшээд байна. Харин иргэдийн хувьд ахуйн хог хаягдлаа төдийлөн ангилан ялгаж хэвшихгүй байна. Хаягдлыг овоолж орхивол хог, ангилан ялгавал мөнгө гэдгийг иргэн бүр ойлгох хэрэгтэй байна.

                           

-Хог хаягдлын хэдэн хувьд ангилан ялгалт хийдэг вэ?

-Одоо бид Баянхонгор аймгийн эзлэхүүн ихтэй хог хаягдлыг газрын хөрсөнд булахаас сэргийлж ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт технологийн үйлдвэрийг бий болгохоор зорьж байна. Мөн хөдөлмөр эрхлэх хүсэлтэй эмзэг бүлгийн идэвхтэй иргэдэд түр болон байнгын ажлын байр бий болгож, хуванцар, гялгар уутнаас татгалзах, хэрэглээг багасгах, хог хаягдлыг ангилан ялгаж хаях зэргийг сурталчлах сургалт явуулах, орон нутгийн дахин ашиглах боломжтой нийт хог хаягдлын 10-40 хувьд ангилан ялгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.


-Хаягдлын менежментийг сайжруулах алсын харааг тань сонирхвол?

-Цаашид манай компани нь дэвшилтэт технологийн үйлдвэрийг шинээр барьж байгуулан хуванцар, лааз, шил, гялгар уут, цаас, цаасан хайрцгийг ангилан ялган хүлээн авч, үйлдвэрлэлийн аргаар боловсруулалт хийн томоохон үйлдвэрүүдэд бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн аймаг орон нутагт хэрэгцээтэй байгаа эко жорлонгийн доторлогоо цаасан шахмал түлш зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Дээрх ажлуудыг хийснээр хог хаягдлын хэмжээг багасгаж, орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

Мөн өглөө бүр хуванцар цуглуулагч иргэдийг "өглөөний цай" уулгаж хэвшүүлэн, хувь хүний хөгжлийг дэмжих, хог хаягдлыг таниулах уулзалт, сургалт, соёлын ажлыг зохион байгуулах бодолтой байна. Бидний үйл ажиллагааг дэмжигч орон нутгийн иргэдийн сайн дураараа ирж тусалж зөвлөн хамтран ажиллахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.


-Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал байна уу?

-Нэн түрүүнд хуванцар жижиглэж бутлах, угаах, сэгсрэх тоног төхөөрөмж, блокны машин, үйлдвэрийн барилга, блокон хашаа, хогийг ангилан ялгаж нөөцлөх агуулах зэргийг шийдвэрлэх шаардлага байгаа. Үйлдвэрийн барилга хашаатай болсноор ангилан ялгалтыг жилийн дөрвөн улиралд байнга ажиллах, хуванцар бутлах тоног төхөөрөмжтөй болсноор бүх төрлийн хуванцрыг жижиглэн шуудайлж худалдан авагчид нийлүүлснээр тээврийн зардал хэмнэх, үнийг өсгөх хүлээлт байна. Ангилан ялгах агуулахтай болсноор бүх төрлийн шил, тетрапак сав, бүх төрлийн дахин боловсруулах хог хаягдал авч хурааж нөөцлөх, блокны машинтай болсноор ажилчид тогтмол ажиллах, айлуудаас цэвэр үнс авч блок хийж худалдах боломж бүрдэнэ. Ингэснээр байнгын болон түр ажлын байр нэмэх, амьжиргааны түвшин доогуур иргэдийн нэмэлт орлого нэмэгдэх, Баянхонгор аймаг дахивар хог хаягдал анхан шатны боловсруулалт хийх үйлдвэртэй болох юм.

-Ярилцсанд баярлалаа.



Related news