ГОВЬ-АЛТАЙ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрх хасах шийтгэлийг оногдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-05 13:13:06

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тодруулбал, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд тодорхойлж хуульчилснаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээдэг болсон талаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ганчимэгээс тодрууллаа.


-2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тодорхой нэмэлт өөрчлөлтүүд орсон. Хуульд хэрхэн нэмэлт өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгнө үү?

-“Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол гаргах тохиолдол буурахгүй, жил бүр тодорхой хувиар өсөж байгаа тул энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах үзэл баримтлалын хүрээнд ялын бодлогод өөрчлөлт орсон юм. Тухайлбал, Хуулийн өөрчлөлтөөс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт оногдуулах торгох ялын хэмжээ 450.000 төгрөгөөс 5 400 000 төгрөг хүртэл байсныг 2 700 000-аас 14 000 000 төгрөг хүртэл болгож нэмэгдүүлсэн, 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэдэг байсан бол уг ялын хэмжээг 6 сараас 3 жил хүртэл хугацаатай болгож нэмэгдүүлсэн байна.


-Уг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчилдаг байсан. Гэвч одоо гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болжээ. Хуульд заасан нэмэлт өөрчлөлтийг тайлбарлабал?

-Түүнчлэн 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд зөрчлийг хэдэн удаа гаргасан эсэхээс үл хамаарч хуульд зааснаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг тухай бүрд нь оногдуулж шийдвэрлэдэг байсан бол одоо Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлах, эсхүл 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэлийн аль нэгийг сонгон шийтгэл оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлыг гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.


-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар хорих ял шийтгэхээр хуульчилсан гэж ойлголоо?


-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол бүрд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг заавал оногдуулдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан ч тухайн хүн өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан гэсэн мэдээллийг нэгдсэн санд бий болгох зорилгоор тухайн шийтгэлийг хэрэглэдэг гэсэн үг.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж 2 700 000-аас 14 000 000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.


-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон нь Говь-Алтай аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтад хэрхэн нөлөөлж байна вэ. Иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хуулийн хариуцлага чангарсан гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна?

-Говь-Алтай аймгийн хэмжээнд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 32 үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15-аар буюу 31.9 хувиар, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 88 үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13-аар буюу 12.8 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Түүнээс гадна хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан 13 хэрэгт хяналт тавьж, 10 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлээд байна.


-Ярилцлагынхаа төгсгөлд иргэдэд хандаж зөвлөмж мэдээлэл хүргэнэ үү?

-Монгол Улсын хэмжээнд Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, зам тээврийн ослыг сүүлийн 7 жилийн байдлаар авч үзэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөс шалтгаалж жил бүр дунджаар 110 орчим хүний амь хохирсон харамсалтай дүн мэдээ гарсан байна.

Иймд иргэдэд хандаж хэлэхэд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, амь насанд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж, хариуцлагатай байхыг хүсэж байна.

Related news