ДОРНОД: Угтамын хийдэд мянга орчим лам шавилан суудаг байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-03 14:55:40

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт Угтам уул бий. Уулын бэлд Монголын буддын шашны хийдүүдээс томоохонд тооцогддог Угтамын хийд өнөө ч үйл ажиллагаагаа явуулж байна.   


Түүхэнд тэмдэглэснээр энэ нутагт Тогоонтөмөр хааны удмынхан үе дамжин нутаглаж иржээ. Чингисийн хар сүлдийг тахидаг Тугийн сүмээс 1882 онд 200 гаруй үхэр тэргээр ачаа бараа зөөж, Угтамын хийдэд авчирсны дараа үүр шөнийн заагаар 100 морьтон Чингис хааны хар сүлдийг тахисан гэдэг. Энэ үеэр хийдийн эзэн болгож, Товчин хувилгааныг тодруулжээ. Товчин хувилгааны номын өргөөг дуулга хувцастай хоёр баатар, мөн баавгай хамгаалдаг байсан гэлцдэг. Товчин хувилгааны өргөөний ард Чингис хааны хар тугийг байрлуулдаг байжээ.


Мөн Угтамын хийдэд 80 тохой Майдар бурхан залж, тахилга үйлдэн хар тугийг хар хонины зүрхээр тахидаг байсан түүхэн мэдээ байдаг ажээ. Угтамын хийдэд улаан ямаа, хөх бух, хар нохой, хон хэрээ зэрэг сэтэртэй амьтад байжээ. Тухайн үед энэ хийдэд мянга орчим лам шавилан суудаг, маарамба, дооромбын сургалтын дацангуудтай байв. 

Related news