Асар хүчтэй “Флоренс” хар салхи АНУ-г чиглэн урагшилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-09-11 10:10:31
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. “Флоренс” хар салхи АНУ-ыг чиглэн урагшилж байгаатай холбогдуулан тус улсын зүүн эргийн дагуу амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.

Энэхүү шуурга нь сүүлийн хэдэн арван жилд тус бүс нутагт дэгдсэн шуургуудаас хамгийн хүчтэй нь болж болзошгүй байгаа аж.

Өмнөд Каролина муж улсын захирагч эргийн дагуух нутгийн бүх иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан бол Умард Каролина болон Виржиния муж улсад онцгой байдал зарлаад байгаа юм. "Флоренс" хар салхи нь шуургын дөрөвдүгээр түвшинд хүрээд байгаа бөгөөд 195 км/ц хурдтай урагшилж байгаа ба эрч нь улам нэмэгдэж байгаа аж. Шуурга энэ долоо хоногийн пүрэв гарагт Умард болон Өмнөд Каролина муж улсыг дайрах төлөвтэй байна.



Уг хар салхи нь 1989 онд Умард Каролинад дэгдэж, 7 тэрбум ам.долларын хохирол учруулж, 49 хүний амийг авч одсон “Хьюго” шуурганаас хойших анхны дөрөвдүгээр түвшний шуурга хэмээн тооцогдож байгаа юм.

АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвийн мэдээлснээр, “Флоренс” нь цаг уурын “асар аюултай” үзэгдэл болох төлөвтэй байгаа аж. Үүний улмаас Америкийн эргийн болон эх газрын бүс нутгуудад гамшгийн хэмжээний үер болон аадар борооны аюул нүүрлэх магадлалтай байна.

Хар салхины улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Миссиссиппи муж улсад болох арга хэмжээнд оролцох төлөвлөгөөнөөсөө татгалзжээ. 
Э.Хулан
 
Связанные новости