Цагдаагийн ажилтны гэр бүлийн санал асуулгаар хэт ачаалалтай ажилладаг гэж 54.8 хувь хариулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2018-09-05 09:27:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн цагдаагийн газраас сэтгэл зүйчдийн багтай хамтран цагдаагийн албан хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, ажил байдлын түвшинг тодорхойлох зорилгоор санал асуулга авч дүгнэхэд алба хаагчдын гэр бүлийн уур амьсгал таатай байдаг гэж 59.3 хувь, сайнтай муутай байдаг хэмээн 40.6 хувь нь хариулжээ. 
Дээрх санал асуулгыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас байгууллагынхаа ажилтан цагдаа нарын гэр бүлийнхнийг хүлээн авч уулзсан “Хамтдаа” уулзалт хэлэлцүүлгийн үеэр хийжээ. Санал асуулгад оролцсон гэр бүлийнхэн цагдаагийн ажлыг ачаалал хэт их байдаг гэж 54.8 хувь нь, зарим үед их байдаг гэж 38.7 хувь нь дүгнэсэн байна. Ар гэрийнхэн цагдаагийн албан хаагчдын ажлаа хэвийн гүйцэтгэхэд бүрэн хариуцдаг гэж 43.9 хувь, сэтгэл санаагаар дэмждэг гэж 39.02 хувь нь, боломж тэр бүр гардаггүй гэж 9.7 хувь нь хариулсан байна. Санал асуулгаас харахад цагдаагийн алба хаагчийн гэр бүлийн гишүүд ар гэрийн асуудлыг бүрэн хариуцаж, албан үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцлөөр бүрэн хангадаг гэсэн дүгнэлт гарчээ.

Байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилж, ажилтнуудынхаа ар гэрийнхэнд цагдаагийн албан хаагчдын ажлын эрсдэлтэй болон эерэг талыг ойлгуулж үүднээс зохин байгуулсан дээрх улзалтанд Мөрдөн шалгах газрын алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл 50 гаруй иргэд оролцож, аав, ээж, хань ижил, ах дүү, үр хүүхдийнхээ ажлын онцлогийн талаар мэдээлэл сонсож, албан хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд байгууллага, дарга удирдлага, хамт олон болон гэр бүлийн зүгээс юун дээр анхаарах талаар санал бодлоо солилцож санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Уулзалтанд Хууль сахиулах их сургуулийн сэтгэл зүйч Б.Энхтүшиг оролцож албан хаагчдад болон тэдний гэр бүлийн гишүүдэд “Гэр бүлийн харилцаанд анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл зөвлөгөө өгөв. Уулзалтын төгсгөлд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж буй алба хаагчдын ар тал болдог гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлж, бусдыгаа хошуучлан ажилласан 3 алба хаагчийн гэргий нарт “Талархал” гардуулсан байна. Алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн “Архигүй орчин-Архигүй хамт олон” уриалгыг дэвшүүлсэн нь уулзалтын онцлох үйл явдал байлаа гэж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас мэдээллээ.


 
 
Связанные новости