Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Ломбок арлын оршин суугчдад тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-08-24 10:33:01
ДОХА. /Синьхуа/. Газар хөдлөлтийн гамшигт удаа дараа нэрвэгдээд байгаа Индонези улсын Ломбок арлын оршин суугчдад 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр болсон тухай Катарын улаан загалмайн байгууллагаас пүрэв гарагт зарласан байна.

Тусламжийн бараанд түр хоргодох байранд шаардлагатай зүйлс болох чийг нэвтэрдэггүй дэвсгэр, хөнжил, шумуулийн тор, ус хадгалах сав зэрэг багтаж байгаа юм байна. Мөн байгалийн гамшигт нэрвэгдсэн 700 гэр бүлийг анхны тусламжийн багц болон хувийн ариун цэврийн хэрэгсэл зэргээр хангах ажээ.

Гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Ломбок арал дээр наймдугаар сарын 5-нд 6.9 магнитудын, наймдугаар сарын 9-нд 6.2 магнитудын газар хөдлөлт болсон бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сарын 19-нд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноор олон зуун хүн амиа алдаад байгаагийн зэрэгцээ олон байшин барилга сүйдэж, их хэмжээний хохирол амсаад байгаа юм.

Индонези улс нь газар хөдлөлт болон галт уулын дэлбэрэлт түгээмэл болдог “Номхон далайн галт цагариг”-т оршдог тул газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэх нь их байдаг ажээ.
Э.Хулан
 
Связанные новости