Лаост үерийн гамшиг асар их хохирол учруулаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-08-22 11:17:27
ВЕНТЬЯН. /Синьхуа/. Лаос улсад үерийн гамшиг нүүрлэж, амиа алдагсдын тоо 46 хүрээд байгаагийн зэрэгцээ 97 хүн сураггүй алга болоод байна гэж тус улсын байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлж, хянах хорооноос гаргасан тайланд мэдээлэв.

“Халуун орны “Сон-Тинь” болон “Бебинка” далайн шуургын улмаас долдугаар сарын дунд үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас тус улсын нийт 18 мужаас 14 мужийн 79 дүүргийн 236188 хүн үерийн гамшигт өртөөд байна” гэж Лаосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлсэн байна.

Нийт 11383 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд тэдгээр хүмүүс түр хоргодох байранд амьдарч байгаа юм. Түүнчлэн 120 гаруй сургууль сүйдээд байгаа нь ирэх есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед тулгамдсан асуудал болоод байгаа ажээ.

Мөн үерийн гамшгийн улмаас 138 зам, 26 гүүр сүйдээд байгаа нь 1.9 сая ам.доллартай тэнцэх хохирол учруулаад байгаа юм байна. Үерт нэрвэгдсэн ард иргэдэд майхан, бие засах газар, цахилгаан эрчим хүч, цэвэр ус, нөөшилсөн хүнс, цагаан будаа хийгээд эм тарианы яаралтай тусламж шаардлагатай байна гэж тус улсын байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлэх, хянах хорооноос мэдэгдээд байгаа юм.

Үүний зэрэгцээ сүйдсэн барилга байшинг сэргээн засварлах гэр ахуйн болон барилгын тоног төхөөрөмж ихээхэн шаардлагатай байгаагаас гадна таваас доош насны хүүхдүүдэд зориулсан тэжээллэг хоол хүнс мөн дутагдалтай байгаа юм байна.

“Тусламж, дэмжлэг үзүүлж байгаа улс орнууд болон олон улсын байгууллагад талархлаа илэрхийлж байна. Тэдгээр тусламжийг хэрэгтэй хүн бүхэнд тохирох хэмжээгээр хуваарилж байгаа” гэж дээрх хорооноос мэдэгдсэн байна. Тус улсад долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 17-ны хооронд нийт 15.3 сая гаруй ам.долларын хандив тусламж ирээд байгаа ажээ.
 
Э.Хулан
 
Связанные новости