Улсын хэмжээнд 67 хүн усанд осолдож амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-14 09:16:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 17 аймгийн 40 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 56 удаагийн усны осол гарч 67 хүн амь насаа алдсан талаар ОБЕГ-аас мэдээлэв. Амиа алдсан хүмүүсийн 16 нь хүүхэд, 51 нь насанд хүрэгсэд байна.

Түүнчлэн зургадугаар сарын сүүлч, долдугаар сард орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж 72 иргэн бэртэж гэмтэн, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Цаг уурын байгууллагаас энэ 15-17-нд нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгааг анхааруулжээ. Тиймээс ОБЕГ-аас иргэдийг бага насны хүүхдийг гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэдийг үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Ч.Ариунболд
Связанные новости