Хүүхдийн автобусыг шалгаж, бэлэн байдлыг хангуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-08 15:52:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран энэ сарын 13-17-ны өдрүүдэд Хүүхдийн автобусанд нэгдсэн үзлэг шалгалтыг хийх гэж байна.
Энэ шалгалтаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа эсэхийг шалгана. “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх ёсто юм. Стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрвэл сургууль, цэцэрлэгүүдэд албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах ажээ.


Ж.Батсайхан

Связанные новости