Ойрын өдрүүдэд бороотой тул үер усны аюулаас онцгойлон анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ үер усны аюулаас дахин онцгойлон анхааруулж байна. Цаг уурын урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сануулж байна.
-
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-
Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,
-
Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,
-
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,
-
Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
-
Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
-
Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын албадаас дахин онцгойлон анхаарууллаа.
Ж.Батсайхан