Сэтгүүлч, зураглаачийн биед халдсан албан тушаалтнуудыг уучлалт гуйхыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-31 13:42:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдийн биед халдаж, мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт албан ёсоор уучлалт гуйх шаардлагыг ХЗДХЯ болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт хүргүүлэх болжээ. Энэ талаар өнөөдөр МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг, Хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Балжмаа нар мэдээлэл хийв.

Энэ сарын 27-нд Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлсан гэх үйлдлийг газар дээр нь сурвалжилж байсан "Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн байгууллагын ажилтан халдсан байна. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх шаардлагыг ХЗДХ-ийн яаманд хүргүүлж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн сайд ХСҮТ-д ажиллах үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр UBS телевизийн зураглаачийн биед халдаж, тухайн газраас хөөн гаргажээ. Улмаар зураглаачийн нэр хүндэд халдан, гүтгэлийн чанартай мэдээлэл түгээсэн байна. Тиймээс уг үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх шаардлагыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт хүргүүлж байгааг МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг мэдээллийнхээ үеэр онцлов.

Мөн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах жагсаал зохион байгуулж, Үндсэн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох хүртэл шат дараалсан арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Ч.Ариунболд
Связанные новости