Ногоон байгууламж дайрч сүйтгэсэн жолооч хуурамч улсын дугаар ашигласан байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-31 13:39:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн албанд долдугаар сарын 27-нд иргэдээс “Саарал өнгийн "Субару" маркийн автомашин явган хүний зам зүлэг, ногоон байгууламжийг эвдэж сүйтгээд байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлжээ.
Мэдээллийн мөрөөр шалгахад  "Субару'"маркийн авто машины жолооч иргэн Б  нь ногоон байгууламж сүйдэлснээс гадна хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон зөрчил  илэрсэн байна. Түүний автомашины улсын дугаар 60-70 бөгөөд  долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Гэтэл  хуурамч улсын дугаар болох  06-98 УНР буюу наймаар төгссөн улсын дугаартайгаар хөдөлгөөнд оролцсон байжээ. Зөрчил гаргасан иргэн, "06-98 УНР машины дугаар байрны хажуу талын авто гараашид хэд хоног байхыг харсан. Тухайн өдөр хамт олноороо зугаалгад явах байсан ч миний машины дугаар хөдөлгөөнд оролцохгүй учир 06-98 УНР дугаараар хөдөлгөөнд оролцсон. Улсын дугаарыг зүүж ганцхан өдөр л хөдөлгөөнд оролцсон” гэж мэдүүлжээ. Түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар гурван сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, 50.000 төгрөгөөр торгосон байна.
Ж.Батсайхан
Связанные новости