ТҮЦ-тэйгээ машинд дайруулсан охины бие хүнд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны есдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 27-ны өдөр 17 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарсан. Том оврын машин, суудлын машин мөргөлдсөний улмаас замын дэргэдэх Түргэн үйлчилгээний цэгийг дайрч худалдаа эрхэлж байсан 15 настай охин өртөж биеийн байдал хүнд байна. Охиноос гадна ойр орчимд нь байсан нийт долоон хүн гэмтжээ.
Ослын талаар замын цагдаагийн албанаас тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, 13-р чиглэл буюу Баянхошууны зам, “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн замд амины “Diva” автомашины жолооч Б нь "56-15" улсын дугаартай “Howo” маркийн Д жолоочтой автомашин, мөн “Зил-130” маркийн Х жолоочтой хоёр автомашинтай мөргөлдсөн” гэв. ТҮЦ-нд байсан охин Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа бөгөөд удахгүй шөрмөсний хагалгаанд орно гэж ГССҮТ-өөс бас мэдээллээ.
Ж.Батсайхан